Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар өнгөрөгч долоо хоногт Дэлхийн зөн Олон улсын байгууллагын сургагч багш нар Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХХК, аймгийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүний амьдралын эцсийн зорилго бол аз жаргал гэдэг. Гэтэл бид энэ аз жаргалын уг үндэс болсон гэр бүлийнхээ үнэ цэнийг өдөр тутмын ажлын ачаалал, амьдралын дарамт дунд мартаж орхигдуулснаас гэр бүлд үл ойлголцол, үл итгэлцэл үүсэх, улмаар гэр бүлийн хүчирхийлэл газар авах хөрс бий болж байна. Өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ улам алдагдаж байгаагаас гэр бүл салалт ихэссэн, хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тухай зүрх шимшрүүлсэн явдлын талаар байнга сонсох болсон” гэлээ.
Уг сургалтад гэр бүлийн өдөр тутмын амьдралд түгээмэл байдаг асуудлууд болох хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн амьдрал дахь эхнэр, нөхрийн үүрэг оролцооны талаар мэргэжлийн багш нар сонирхолтой яриа хийж, гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр оролцогсдын асуултад хариулан, зөвлөгөө өгсөн байна.
Өмнө нь мөн адил сургалтыг УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид, Орхон аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд зориулан тус тус зохион байгуулж байсан юм.