Холливудын нэрт жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” шинэ цувралын зураг авалтад оролцохоор саяхан Австралид очихдоо Бу, Пистоль хэмээх хайртай том нохдоо аваачсанаар бөөн хэл аманд орсон билээ.
Австралид ирсэн анхны өдрөөсөө л жүжигчин эр зөрчилтэй тулгарсан байна. Түүний ноход нь өвчингүйг батлах ямар ч бичиг баримт байхгүй байсан бөгөөд хэрэв нохдоо нэн даруй тус орноос гаргахгүй бол унтуулах арга хэмжээ авна хэмээн Австралийн Хөдөө аж ахуйн яамнаас жүжигчинд анхааруулсан юм. Ингээд хайртай нохдоо аврахын тулд Лос-Анжелес руу тэднийг илгээж, өөрөө зураг авалтаа үргэлжлүүлэхээр үлдсэн аж.
Харин өчигдөр буюу 26-ны өдөр Австралийн засаг захиргааны зүгээс хууль бусаар тус оронд нохой оруулж ирэн, хорио цээрийн дүрмийг ноцтой зөрчсөн хэргээр Деппэд 10 жилийн ял оноож болзошгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлжээ.
The Sydney Morning Herald-д мэдээлснээр, жүжигчин эрд түүнээс гадна, 300 мянган доллараар торгуулах аюул тулгараад байгаа бололтой. Уг шийдвэрийг энэ сарын 22-ны өдөр Канберре дахь Сенатын хуралдаанаар гаргасан аж.
Д.Мигаа