Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол гадаадад аялагчид Ази, Европ, Америк тив, хөрш орнууд гэсэн хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг авах юм. Мөн гадаадын аялал жуулчлалын газрууд, Элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчилж оролцоно. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэнгийн өдрүүдэд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд хийнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.