“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” -ын талаар хэлэлцэж байна

 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2015.05.28/ Төрийн ордонд болж байна.

DSC_5186Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг нар үг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд хэлсэн үгэндээ, “ Өнөөдөр бидэнд сэтгэл эмзэглүүлсэн маш олон шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаагийн нэг нь яах аргагүй Туул гол түүний менежментийн асуудал юм. Монгол Улсын Их Хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 2014 онд Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг баталснаар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментийг бүрдүүлэх, ус бохирдуулагч нь хаягдал усаа стандартын дагуу цэвэршүүлэх, дахин ашиглах эрх зүйн орчин бүрдэж, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх том алхам болсон билээ.Усны талаарх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэж байна. Амьдралыг тэтгэх чандмань эрдэнэ болсон усаа хайрлан, гамнахыг нийт ард түмэндээ хандан уриалж байна.” гэв.

DSC_5167Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, “ Дэлхийн усны VII форумаас дэлхий нийтээрээ өнөөдөр тогтвортой хөгжлийн нандин цөм бол усны нөөц гэдэгтэй санал нэгдэж усны сайн засаглалыг бүх түвшинд төлөвшүүлж, усны нөөцийг үр ашигтай ашиглахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн аливаа асуудалд байгальд ээлтэй технологи, бодлого нэвтрүүлэхийг чухалчилна гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн XX зуун бол “хар алтны” төлөөх зуун байсан бол XXI зуун “цэнхэр алтны” төлөөх зуун байгаасай гэж тунхаглан дэлхий нийтийг уриалсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг XXI зууныг “цэнхэр алтны” төлөөх зуун байлгана гэж үзвэл энэ асуудлыг тогтвортой хөгжлийн бодлогынхоо цөмд нь тавьж, хүний эрхийн гол үндсэн асуудал болсон усны хэрэглээг зөв бий болгох, хангах шаардлагатай байна. Ус хамгаалалт, ашиглалт, тэр дундаа Туул голын асуудлаар яам, Засгийн газар, Улсын Их Хурлын хүрээнд сүүлийн жилүүдэд хангалттай ярьсан. Бид бүгдээрээ сайн ярьж чаддаг. Харин ямар асуудлыг яаж шийдэх вэ гэхээр ямар үр дагавар байгаа юм, ямар боломж бололцоо бидэнд байна, бид юуг хийж чаддаг юм, юуг хийж чаддаггүй юм бэ гэдэг асуудлаа дүгнэж, цэгнэж өнөөдөр хамтын хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргахаар ярилцаж, санал бодлоо солилцож  байгаа нь маш онцлогтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудлыг зөвхөн нэг яам, нэг хэсэг сэтгэлээ зориулдаг хүмүүс шийдэж чадахгүй байгаа нь олон жилийн яриа, асуудлууд харуулж байгаа. Олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, олон судалгааны материалууд гарсан ч мөн л асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа. Үнэгүй, төлбөргүй юм бүхэн үгүйрч устаж байдаг. Ус бол чандмань эрдэнэ. Иймд маш их үнэтэй, үнэлгээтэй байх ёстой. Усыг хэрэглэсэн хүн бүр хэмнэдэг, гамнадаг байх ёстой, түүнийхээ төлөө татвар төлдөг байх ёстой гэсэн олон зарчмуудыг өнөөдөр хуулийн хүрээнд оногдсон тодорхой заалтуудыг өөрчилж, энэ асуудлыг ярих ёстой гэж үзэж байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбат хэлсэн үгэндээ, “Мянга мянган жилийн хугацаанд өвөг дээдсийн маань шүтэн биширч, үр өгөөжийг нь хүртэж ирсэн Хатан Туул голын ач холбогдол өнөөдөр бүр ч илүү чухал, бүр ч илүү хүртээмжтэй болсоор байна. Учир нь Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос умдаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой. Туул голын бохирдлын хамгийн гол шалтгаан нь Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн, Туул голд хоног тутам цутгаж буй 170 000-190 000 шоо метр бохир ус юм. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна. Тэр ч бүү хэл сүүлийн өдрүүдийн мэдээгээр ноцтой гэмтэл гарсны улмаас сая гаруй хүнтэй хотын хэрэглэсэн хэрэглээний усыг цэвэрлэхгүйгээр шууд Туул голд цутгах тухай албаны хүмүүсийн мэдээлэл гарах боллоо. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Туул гол удахгүй дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирах эрсдэл бодитоор үүсэж байна. Энэ асуудлыг шийдэх гол асуудлын нэг нь үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих гарц юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 400-500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Туул голтой холбоотой төр, хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бүхий, тогтмол уулздаг механизмыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд бий болгох зэрэг саналтай байна” гэв.

DSC_5174Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин” сэдвээр, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавив. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлж санал бодлоо солилцлоо.

Оролцогчдын зүгээс хотын хүн амын өсөлт, үйлдвэрлэл, хотжих процесстой уялдан усны хэрэглээ жил бүр нэмэгдэж, хот суурин, үйлдвэр аж ахуйн газраас гарах бохир усны хэмжээ нэмэгдэж, бүрэн цэвэршүүлж, дахин ашиглаж чадахгүйн улмаас экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг онцолж , Туул гол болон түүний цутгал голуудыг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх нь тулгамдсан асуудал болоод байгааг хэлж байв. Хэлэлцүүлгийн үр дүнд хамтарсан зөвлөмж гаргах юм  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …