Сүүлийн хэдэн өдөр нийтийн тээврийн 3 компани ажил хаялт хийж нийгэмд багагүй бухимдал үүсгэж байна. Энэ талаар зарим зүйлийг ажил хаялт хийж байгаа хүмүүсээс тодруулга авлаа.
Салбарын ҮЭ–ийн дарга Рагчаа:
-Автобус баазуудын ажил хаялтын үндэслэл явцын талаар мэдээлэл өгнө үү.
– Ажил хаялт 4 дэх өдрөө үргэлжилж байна. Байгууллагын захиргаанаас цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг хотын дарга Бат-Үүл, санхүүгийн орлогч Батаа нараас чиглэл зөвшөөрөл өгвөл шийдэх боломжтой гэсэн байр суурь гаргаж байгаа. Холбогдох тооцоо судалгааг гаргаж өгсөн. Одоо хүлээж байна. Ажилчид шийдвэр гартал хуулинд заасны дагуу ажил хаялтаа үргэжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.
– 5 тэрбум төгрөг нэмж шаардана гэсэн.
– Энэ бол захиргааны хийсэн тооцоо байх. Бидний хувьд цалингийн бүтцээ өөрчил гэсэн санал тавьсан. Ядаж үндсэн цалинг нь 350-450 гэдэг хэтэрхий бага. Цалингийн сан дотроо зарим зохицуулалт хийх бололцоотой гэж үзэж байгаа.
– Тодорхой хугацаа өгч, ажилдаа гарч болохгүй юу зорчигч нар хохирч байна.
– Энэ асуудал дээр ҮЭ, ажилчид бараг жил хүлээж байна. Захиргаанд шийдвэрлүүлэх хугацаа хангалттай өгсөн. Одоо болохоор гэнэт хаяцан юм шиг ажилчдыг буруутгаад байгаад харамсч байна.
– Ажилдаа гаръя гэсэн хүмүүсийг яагаад гаргахгүй байна вэ.
– Өчигдөр 16 автобусыг гаргая гэсэн боловч ажилчид хүлээж аваагүй захиргааны зүгээс ажилчдыг дарамталж нэмж автобуснуудыг гаргах талаар хүчээр шахаж ажилчдыг дарамталж хууль бус үйлдэл хийж байгаа.
– Автобус баазын ҮЭ ийн дарга Төрбат:
– Асуудал шийдэлгүй хэт удсан учир ажил хаялт хийхээс өөр аргагүй болсон. Ажилдаа гаръя гээд байгаа хүмүүс ажил хаялт хийх шаардлагад гарын үсэг зурсан дэмжсэн хүмүүс бий. Ажилчдыг дарамталж талцуулах ажлыг хийж байна. Хотын удирдлагууд, байгууллагын удирдлагууд шийдвэрээ хурдан гаргамаар байна. Ажилчид олон удаа хуурагдсан болохоор үр дүнд хүрч байж ажил хаялтаа зогсооно гэж байгаа. Одоо аргаа бараад өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авах юм ярьж эхэлж байна.
– Байгууллагын дарга ажилчид 800, жолооч 1.2 сая төгрөгийн цалин авдаг гэсэн.
– Үнэхээр тийм бол бид захиргаанаас яг тийм цалингаа авъя гэж байгаа. Шаардлага ч тийм байгаа. Цагийн 5000 гэхээр жолооч үндсэн цалин 850 л болно ш дээ. Нийт ажилчдын хэдэн хувь нь тийм цалин авч байгаа билээ. Шугам бүр өөр өвөл ачаалал орлого өндөр үед, дээрээс нь ажилчид сард 29-30 хоног ажиллаж байж цөөхөн хэд нь тийм цалин авдаг.
– 2- р бааз ҮЭ дарга Гэрэлчулуун: Байгууллага бололцоо нөөцөө дайчлаад зарим хэсгийг дотроосоо шийдэх боломж бий. Үр ашиг багатай зардлуудаа танах хэрэгтэй. 20 гаруй жил жолоо мушгиж, ард түмэнд үйлчилсэн ажилчид 1-3 сарын тэтгэмж авч байна. Та бүх ажилчдын цалингийн хуудастай танилц. Бодит байдал арай өөр. Захиргааны хэлээд байгаа тийм цалин авдаг хүмүүс цөөн бий гэхдээ ажлын 22 өдөр биш 29 өдөр 30 хоног ч ажиллаж байж авдаг. Энэ нь нэг талаар аюултай Олон хүний амь насыг хариуцаж явдаг. Үнэхээр тийм авдаг бол ажилчид юу гэж ажил хаялт тэмцэл өрнүүлээд байх вэ дээ.
– GPS ийг жижиг тэргэнд суулгаж олон тэрбум төг иддэг энэ үнэн үү.
-3 автобаазын дарга хувийн хэвшлийн байгууллагууд тийм зүйл хийсэн нь илэрсэн. Бид ч бас эсэргүүцэж байгаа. Хамаг хүнийг нь төрийн өмчийн бид хэд гүрийж хийж, хувийн компаниуд нь мөнгөнөөс нь хулгай хийгээд байж болохгүй.
Мөн компанийн ажилчид: ажил хаялт дууссан ч биднийг дарамтлах явдал гарна өмнө нь ч ийм байдал гаргаж байсан. Биднийг өндөр цалин авдаг гэж гүтгэсэн, захиргааны үр ашиггүй орон тоонуудаа хасч ард түмэндээ үйлчилж байгаа ажилчдын баталгаат цалинг нэмэх хэрэгтэй, хамгийн гол нь элдэв хууль бус дарамт шахалт хийж, асуудал шийддэгүй, эцэст нь асуудал хүндрэхээр ажилчид руугаа нулимдаг захиргааны багийг солих хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд хэтэрхий нэг талд үйлчилж байна.
Уг асуудлаар МҮЭХ–ны байр суурийг сонсохоор дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулахад:
Ажилчид ҮЭ үндсэн цалингийн жишигийг Автотээврийн салбарын хэлэлцээрт тусгаж хэрэгжүүлэхээр 2013 онд шийдсэн. Энэ хэлэлцээрээр тогтоовол жолоочийн сарын үндсэн цалин 850 мянга, кондуктор 700 мянга болох юм. Гэтэл 2 жил өнгөрч байхад хэрэгжээгүй байна. Нийтийн тээвэр бол нийтийн захиалгат үйлчилгээ. Орлогын хойноос хөөцөлддөг юм биш. Кондуктор жолооч нар цаг маршрутаараа иргэддээ үйлчлээд явах ёстой. Зах дээр бараа зарж байгаагаас өөр асуудал. Энэ маргаан олон жил үргэлжилсэн. Тиймээс тодорхой цалингийн жишиг тогтоож өгсөн. Яам болон хотын удирдлага, хөдөлмөрийн арбитр хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэл өмнө нь өгсөн байна. Цалингийн сан дотроо ч зарим зохицуулалт хийж ч болох л гарцтай асуудал юм билээ. Ажил хаялтын үеэр МҮЭХ-оос очиж байдалтай танилцсан. Энэ цалингийн маргаан түрүү жилийн 7 сараас эхэлсэн байна. Энэ хугацаанд шийдэж болох хангалттай хугацаа. Бид ажилчид, захиргааг эвлэрүүлэх талаар 2 ч удаа уулзсан. Захиргааны зүгээс хотын захиргаа шийднэ тооцоо судалгаагаа өгсөн гэж байна лээ.
Ugluu.mn