Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Дүүргийн 50 жилээ ойгоо угтсан олон ажлыг тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаагийн нэг нь “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхэллээ. 14 дүгээр хороонд “Нарантуул” худалдааны төв оршдог. Тиймээс зах даган ихээр бөөгнөрдөг архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, тодорхой ажлын байраар хангах энэхүү хүмүүнлэгийн томоохон ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм байна.
Арга хэмжээнд зөвхөн 14 дүгээр хорооны нутаг Нарантуул зах тойрч амьдарч байсан архины хамааралтай тэнэмэл 70-аад иргэн, “Эгэл амьдралын мөр” ТББ-т бүртгэлтэй 18 иргэнийг хамруулжээ.
Тус дүүрэгт архины хамааралтай, тэнэмэл 1000 гаруй иргэн байдаг гэсэн бүртгэл байдаг бөгөөд эдгээр иргэдийг нийгэмшүүлж, нийгэмд хэрэгтэй, амьдралаа өөрсдөө аваад явах боломжтой болгох эхний алхамыг хийж байна. Тиймээс энэ ажилдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн туслалцаа авсан. Хамтарч ажиллаж байгаа эдгээр байгууллага энэхүү тэнэмэл, архины хамааралтай иргэдийг шинээр амьдрахад нь туслах юм. Хүн ажилгүй зорилгогүй байхаар аливаа буруу зүйлд илүү татагддаг.
Энэ аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажилд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хувьд эдгээр иргэдэийг ажлын байраар хангаж, нийгэмд өөрийн байр сууриа олоход нь тусалжээ. Мэдээж үүнд цагдаагийн байгууллага бас анхаарал тавьж хамтарч ажилласан байна. Өнөөдөр зохион байгуулж байгаа ажлын хүрээнд энд ирсэн 70-аад хүний 50 нь ажлын байртай болж байна. Эдгээр хүмүүсийн хоёр нь тодорхой хугацааны дараа цоо шинэ гэртэй болох гэнэ.
“Архины хамааралтай, тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх” аяныг эхлүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй тэмэнэл, орон гэргүй, архины хамааралтай 250-300 иргэн байдаг юм байна.