АНУ-ын жуулчин Өмнөд Африкийн цэцэрлэгт хүрээлэнд арсланд бариулсан тухай албаны хүмүүс мэдэгджээ. Хүрээлэнгийн туслах менежер Скотт Симпсоны мэдэгдсэнээр жуулчин хосын машины цонх руу арслан үсэрч, эмэгтэй рүү түрүүлж дайрсан аж.
Эмнэлгийн тусламж дуудсан боловч жуулчин эмэгтэй шархнаасаа болж нас барсан байна. Харин эрэгтэй жуулчин одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Дэлхийд алдартай дээрх Арслангийн хүрээлэн нь Йоханнесбург хотоос хойд зүгт 30 км-ийн зайд байрладаг юм. Хүрээлэнгийн зүгээс машинтай жуулчдад цонхоо онгойлгохыг хориглодог тухай Йоханнесбург хотоос сурвалжилж буй ВВС-ийн сэтгүүлч Милтон Нкоси дамжуулжээ. Дээрх халдлагын дараа хүрээлэнгийн цагдаа нар арсланг хөөж гаргасан байна. Одоогоор тус арсланг хөнөөсөн эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулж буйгаар эмэгтэйн үхэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд тус хүрээлэнд арсланд дайруулсан гурав дахь тохиолдол болж байгаа юм.