…Би индонез улс руу нэгэн гадаад иргэнд залилуулаад мөнгө шилжүүлчихлээ надад туслах боломж байна уу..
… Та надад туслаач, надад хүн Энэтхэгээс ачаа явуулна гээд тэгэхээр нь би хүнд мөнгө шилжүүлээд, одоо ачаа маань Индонезийн хил дээр гацаад байна. Дахиад мөнгө явуулах боломжгүй болчихоод бна…
Ийм захидал би 2 дахь удаагаа Монгол охиноос сая авлаа. Эхлээд мөнгө шилжүүлэх үү яах вэ, ийм ачаа энэ хүн явуулна гэнэ, энэ үнэн байх магадлалтай юу үгүй гэж хэн нэгнээс асуулгүй, мөнгөө шилжүүлээд, залилуулаад дууссаны дараа ийм захидал явуулж байгаад нэгдүгээрт туйлын их харамсаж байна.
Хоёрдугаарт ийм асуудалд ямар ч тохиолдолд хүмүүстэй зөвлөж ярилцахгүй өөрөө шийдвэр гаргаж болохгүй шүү гэдгийг хэлэх байна. Ийм тохиолдолд шууд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй.
Гуравдугаарт Энэтхэг, Иран, Ирак, Малайз иргэдийн энэхүү залилангийн гол агуулга нь Индонезийн хил дээр ачаа саатаад байна, дахин мөнгө явуулбал хурдан явуулах боломжтой гэж тайлбар өгч байгаа юм шиг байна. Иймд бид Индонезийн холбогдох байгууллагад энэ тухай мэдэгдээд байна. Харин ийм төрлийн залилан хийж байгаа хүн нь дэлхийн хаана ч бүртгэлгүй хиймэл нэр, байршил, хаяг хэрэглэдэг ямар ч үндэстэй байж болох тул олж тогтооход хугацаа, зардал орох бөгөөд бараг олдох найдваргүй гэнэ.
Иймд Монгол иргэд ээ, охид оо ийм болчимгүй зүйлд итгэж, харилцаа үүсгэж, сүүлдээ залилуулж хохирогч болон үлдэж огт болохгүй. Ийм зүйлд өртөж ч болохүй.
Хэрэв ийм санал нийгмийн сүлжээгээр очиж байгаа бол бүү үнэмш, шууд устга.
Энэ бол зөвхөн надад хандсан цөхөрсөн 2 хүний асуудал мэт боловч цаашлаад олон хүний асуудал болохоос сэрэмжлүүлж үүнийг олонд хүргэж байна.
Нөгөө талаас энэ нь хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал тул эхнээсээ хууль, хяналтын байгууллагад хандаж байхыг анхааруулж байна.
СЭРЭМЖЛЭГТҮН!