13 настай, эмэгтэй үеэл дүүгээ фейсбүүкээр өөрөөсөө нэлээн ах хүүтэй танилцаж байхыг нь хараад би мэл гайхаж цэл хөхөрлөө. Аав ээжээс нь хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хэрхэн ханддагийг асуутал нэг их тоодоггүй, даяарчлагдаж байгаа дэлхий гэж хариулах юм. Энэ үг миний санаа зоволтыг багасгасангүй. Харин дүүтэйгээ Facebook болон бусад сошиал медиа сайтуудын талаар дараах хэдэн зүйлийг тохирохоор шийдсэн юм.
1. Хориглохгүй байх
Түүний найз нөхөд нь, ах эгч нар нь бүгд хэрэглэж байхад яагаад тэр ганцаараа болохгүй гэж? Гэхдээ 13-аас доош насны хүүхдэд сошиал медиа хэрэглүүлэхгүй байвал зүгээр. Фэйсбүүк насаа зөв хийсэн тохиолдолд 13 хүрээгүй хүн шинэ хаяг нээх боломжгүй байдаг.
2. Сөрөг талуудыг тайлбарлах
Хийж байгаа бүх үйлдлийнхээ талаар бичиж, хэтэрхий илэн далангүй байх нь ямар үр дагавар үүсгэж болохыг нас насанд нь тохируулан тайлбарлаж өгөх нь чухал. Онлайнаар бусдыг доромжлохгүй байх, бичсэн бүх зүйлд итгэлгүй мэдээллийг цензуртай олж авах зэргийн талаар ч бас дурдаж ярихад илүүдэхгүй.
3. Пост хийж болохгүй зүйлсийг анхааруулах
Гэрийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг, бичиг баримтны зураг гэх мэт зүйлсийн талаар мэдээлэл хийхгүй байхыг хүүхдэдээ анхааруулаарай. Мөн “Гэртээ ганцаараа байна”, “Аав ээж оройтож ирнэ гэнэ” гэх мэтийн зүйлийг ч бичих хэрэггүй гэдгийг сайн захиж байх хэрэгтэй.
4. Танихгүй хүн огт нэмэхгүй байх
Хэн нэгэнд онлайнаар доромжлуулахаас эхлээд хүний наймаа хүртэлх эрсдэл бий учраас танихгүй хүн огт нэмэхгүй байхыг хүүхдэдээ зөвлөөрэй. Твиттер, инстаграм, фэйсбүүкийг нь хувийн буюу private тохиргоотой байлгах нь зөв. Зөвхөн итгэлтэй хүмүүстэй харилцаж, сайн танихгүй хүний уулзах санал, чатаар бичсэн мессежинд хариу өгөхгүй байхыг анхааруулах хэрэгтэй.
5. Сургуулийнхаа фэйсбүүк хуудас, группд элсэхийг
Бүх сургууль групптэй болсон цаг. Сургуулийнхаа группд элсэх нь хүүхдийн нийгмийн идэвхийг сайжруулж, мэдээллээс хоцрохгүй байхад нь тусална. Мөн сонирхдог зүйлсийнхээ группт элсэхийг зөвлөөрэй. Сошиал медиа нь зөвхөн бусад хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сонирхох зориулалттай биш, үүнийг ашиглан ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх олон арга байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
6. GPS тохиргоогүй байх
Хаана байгаагаа Check-in хийж постлохгүй байх, location буюу байрлал тогтоогчийг унтрааж тохируулах хэрэгтэй гэдгийг хэлээрэй. Одоохондоо биеэ бүрэн даагаагүй, балчир байгаа учраас 18 нас хүртлээ иймэрхүү зүйлсээс хол байсан нь дээрээс гадна ямар ч хэрэгцээгүй гэдгийг ч хэлэх нь чухал.
7. Цаг тохирох
Хүүхэд нас бага байх тусмаа сошиал медиад зарцуулах цаг нь тодорхой байх ч чухал. 5-6 цагийн хооронд, оройн хоолноос хойш 30 минутын хугацаанд, даалгавраа хийгээд дууссаны дараах 1 цагийн турш гэх мэт facebook хэрэглэх цагийг нь тодорхой тогтоож өгөөрэй.
8. Итгэх
Нэгэнт л хүүхдэдээ сошиал медиа хэрэглүүлэхээр зөвшөөрсөн бол түүнд итгэ. Ирсэн чат, бичсэн бүх зүйлийг нь шалгаад байх хэрэггүй. Цагийн үндсэн дүрмээ баримтлахад л болно. Тэр ч гэсэн одооноос хувийн өмчтэй, хувийн орон зайтай байж сурах эрхтэй. Харин ямар нэг зүйл болох л юм бол шууд хэлж дуулгаж байхыг тохиролцоорой.
Сошиал медиагийн сөрөг нөлөө олон ч, үүнээс суралцах зүйл, төлөвших мэдээлэл, олж нээх боломжууд ч төдий чинээ олон учраас хүүхдээ ор тас хязгаарлалгүй, юуг болох, юуг болохгүйг сайн ойлгуулаад үлдсэнийг өөрт нь үлдээх нь л эцэг эхчүүдийн хийж чадах хамгийн зөв алхам байх болно.
Эх сурвалж: goolingoo.mn