Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Нээлтээ хийх тов нь гарсан даруйдаа үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа тус кино зохиолыг А.Батбаатар бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь давхар ажиллажээ. Монголын кино урлагийн сор жүжигчид нэг дор хуран цугласан гэх энэхүү бүтээлд Монголын кино урлагийн ноён оргил Цэгмидийн Төмөрбаатар хүү Т.Анар ач охин А.Ялгуун, дүү Ц.Төмөрхуягийн хамт оролцон тоглосон нь үзэгчид, кино сонирхогчдын сонирхлыг илүү татаж байгаа юм.
Тэгвэл олны анхаарлыг ихэд татаж буй тус киноны ганц эмэгтэй дүр Энхлэнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Мөнхсоёлтой уулзаж ярилцлаа
– Энэ кинонд, тэр дундаа гол дүрд тоглох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?
– Дөнгөж оюутан болчихоод нэгдүгээр курсдээ “Хориотой загвар” УСК-ны нэг жижигхэн хэсэгт тоглож байхдаа анх найруулагч А.Батбаатар ахтай танилцаж байсан юм. Тэгээд саяхан “Зангараг” УСК-нд тоглох саналыг А.Батбаатар ах гаргасан, харин би кино зохиолоо уншаад их таалагдсан болохоор урилгыг хүлээж авсан.
– “Зангараг” УСК нэрнээсээ эхлээд л олон хүний анхаарлыг татаад байна. Тэгвэл кино зохиолын цорын ганц эмэгтэй дүр болох Энхлэнгийн дүрийг өөрөө бүтээлээ. Анх кино зохиолоо уншиж байхад ямар сэтгэгдэл төрж байв?
– Найруулагч маань энэ кинонд хамтран ажиллах санал тавихдаа эхлээд өөр дүр санал болгож болгож байсан л даа. Гэхдээ зохиолоо уншаад дууссаны дараа “Чи Энхлэнд яг тохирно. Чамайг хараад байсан чинь яг Энхлэн юм байна” гээд Энхлэнгийн дүрийг надад оноосон.
Гэхдээ тэрнээс ч өмнө анх зохиолоо уншиж байхдаа л Энхлэнг ёстой гоё дүр байна даа. Энхлэн л болчих юмсан гээд битүүхэн хүсч байсан. Тоглолт, характер шаардсан дүр байснаас гадна жүжигчин хүнээс их ур чадвар шаардсан дүр байсан.
– Жүжигчин Н.Мөнхсоёлыг “Хөлтрөг”, “Фейсбүүк од”, “Мөрдөгч” зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь үзэгчид мэддэг. Ер нь Энхлэнгийн дүр урд нь тоглож байсан дүрүүдээс тань ямар ялгаатай санагдсан бэ?
– Би чинь инээдмийн, аймшгийн, олон ангит уянгын төрлийн кинонуудад тоглож байсан. Ер нь эйкшин төрлийн кинонд бүтээсэн анхны дүр маань энэ. Тэгээд Энхлэнгийн дүр бол зөвхөн нэг чигийг баримталж явах дүр биш, маш олон характер гаргаж явах дүр байсан. Эхлээд луйварчин хүүхэн байж байгаад сүүлд учиг нь тайлагдана.
Нэг бол хэрцгий, шийдэмгий, хүн ч алахаас буцахгүй эмэгтэйн дүрийг гаргаад, нэг бол уян налархай, секси, хэнийг ч уургалаж чадахаар тийм дүрүүд гаргаж байсан болохоор ямар ч дүртэй харьцуулашгүй сэтгэлийн таашаал өгсөн дүр болсон.