Кино урлагийн шилдгүүд тодрох Монголын Оскар болоход хоёр хоног үлдлээ. Зохион байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн дээр энэ жил жүжигчин Ч.Ундралын тэргүүлдэг U Art Entertainment studio хамтран ажиллаж байна. Авардсын өөр нэг шинэлэг тал нь саяхан нээлтээ хийсэн Шинэ Шангрилад ёслол болно. Зургадугаар сарын 7-ны үдэш Шинэ Шангрилад догдлол дүүрэн зогсох нэр дэвшигчдийн жагсаалт эцсийн байдлаар гарсныг та бүхэнд хүргэж байна.
Өрсөлдөгчдийн тухай товчхон:
Тодруулахад, энэхүү наадамд уран бүтээлчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэр дэвшдэг аж. Сонирхол татаж буй өнцөг нь “Ар хударга”, аймшгийн кинонд тэгтлээ гаршаагүй манайд содон үзэгдэл болсон “Хүүхэлдэй”, удтал дэлгэцээс хол хөндий байсан “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуягийн “Үндэсний баялаг”, шоу ертөнцийн хаан гэгддэг ноён Л.Балхжав энэ удаад “Содура”-г биш хүү Б.Чингүүнийхээ “Учрал” киног сойсон нь анхаарал татлаа. Л.Балхжав кино зохиолыг нь бичсэн гэдгийг үзэгчид тэр бүр анзаараагүй болов уу.
Харин нэг сонин нь, кино ертөнцөд орон зайгаа тунхаглаад буй “Хувьсал” продакшн наадмын гортигны гадаа үлдэв үү дээ. Өнгөрсөн жил тэдэнд шагналын хур буусан. Өөрсдөө нэг жил өнжиж даруухан загнахаар шийдэв бололтой.
Ширүүн өрсөлдөөн бүх шатанд өрнөнө. Бүгдийг нь л дэмжмээр, бүгд ялчих юм шиг энэ жил уран бүтээлчид маш их хөдөлмөрлөжээ.
Эрэгтэй гол дүр маш ширүүн тэмцэл өрнөх нь жагсаалтаас харагдана. Харин эмэгтэй гол дүрийн номинацид би хувьдаа Г.Отгонцэцэг авчих байх гэж таамаглаж сууна. “Аюултай харилцаа” киног үзсэн үзэгчид түүний чадварыг ам хуурайгүй магтаж байлаа. Тэр үнэхээр шинэ дүр төрх илэрхийлсэн.
Харин эмэгтэй туслах дүр дээр Х.Баярмаа “Аюултай харилцаа” кинон дээр бүтээсэн дүрээрээ бараг авчих хүлээлт бий. Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин тэрбээр мисс, модель, тайзны жүжигчин, хөтлөгч юм юм хийж буй. Харин энэ киноны дүр түүнийг үзэгчдэд өөрөөр таниулсан юм. Сонирхуулахад, “Гэгээн Муза” наадамд “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Жасмины дүрээр тэр туслах дүрд нэр дэвшсэн. Энэ жил Х.Баярмаагийн хувьд уран бүтээлийн олз омог арвин байж.