Сониноос, өчигдөр ёстой гоё юм сураад. Та нарт зааж өгөх үү? Хүлээн авалт хийх боллоо гэж бодьё. Гэтэл орох хүсэлтэй хүн их олон, харин танд маш цөөн урилга, бас заримыг нь зарчихмаар байдаг … Тэгвэл ингэ, хүссэн бүх хүмүүст хүлээн авалтын урилга өг. Бүгд сэтгэл хангалуун, нэгт ёслолын ажиллагаа чинь дүүрэн хүнтэй байх болно, хоёрт та ч мундаг тусч сахиулсан тэнгэрийн дүрээр хүмүүст хайрлагдана.
Тэгээд яаж дараа нь зохицуулах вэ гэж үү, маш амархан. Урилган дээр ямар ч тэмдэглэгээ хийгээгүй зүгээр цулгуй цаас болохыг хэн ч анзаарахгүй. Яг орох болоход угтагч тэр хүний суудал дотор байхгүй болохыг хэлнэ. Мэдээж зарим нь таниас тусламж хүснэ. Тэр үед та оруулаад өгчих. Удалгүй ширээнд нь очоод нөгөө тэмдэглэгээгүй урилгыг нь зөөгч шалгаад л гаргачих юм чинь. Та оруулсан уу, оруулсан, суулгасан уу суулгасан, таваг шөлний төлөө заргалдах хаашаа юм гээд хүмүүс гараад явах болно. Супер технологи шүү, дараа хүлээн авалтын менежерээр ажиллахдаа туршаад үзээрэй.
Хүзүүвч
За одоо гол ажилдаа орцгооё. Өчигдөр Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол, за бараг Монголын Оскар гэж би хувьдаа ихэд тоосон Академи Авардс наадам болов. Надад гадаа сурвалжлага хийх мандат, ёслолын ажиллагаа руу орох мандат, дээр нь ёслолын ажиллагааны урилга, дээр нь хүлээн авалтын урилга байлаа. Сум нэвтэрдэггүй хантааз нэжгээдийг давхарлаж өмссөн мэт, нөгөө талаас мандатаа давхарлаад зүүсэн чинь баян айлын нохой ч ийм олон давхар юм зүүдэггүй байх даа гэсэн хөгжилтэй бодол орж ирэв хэ хэ.
Дадлагын оюутан байхад мандатанд их дуртай байлаа. Хараахан сэтгүүлч болоогүй учраас тэр өдөртөө л хүмүүс намайг сэтгүүлч гэж харахыг мэдэрч кайф аваад л. Харин одоо бол нохойны хүзүүвч шиг тэртэй тэргүй сэтгүүлч л юм чинь гэх аархах бодол төрнө. За тэгээд хүзүүвчээ зүүгээд урилгаа бариад Шинэ Шангрила Улаанбаатар зочид буудлын үүдэнд очив.
Хэдэн ч давхар хамгаалалттай юм, улаан хивс нь шинэ юм байна, дажгүй орчин гэх анзааны юм бодож амжив. Зүй нь бид бол нэг л мандат зүүж сурвалжлага хийдэг эринээс ирсэн сэтгүүлчид. Амьдралдаа хамгийн олон нэвтрэх эрхийн мандат, урилганууд давхарлаж барьсан тул нэг л өөр байлаа. Яахав бичиг цаасанд мөнгө үрмээр байсан юм байлгүй, зохион байгуулагчид.
Яг хэн нь дебют хийв?
Ийнхүү ёслолын арга хэмжээ эхэллээ. Тайз засал, гэрэл орчинтой бол яриад байх юм алга. Хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал, “SBN” телевизийн хөтлөгч Б.Батзаяа нар ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүс, хоёрт кино тэдний амьдралд тун ойр сэдэв тул мэдээж жижиг сажиг алдаа гаргаж нүүр улайлгахгүй нь тодорхой. Шагнал гардуулж байгаа хүмүүс элчин сайдууд, компанийн захирлууд, за тэгээд кино урлагийн ахмадууд.
Хэрвээ та олонд танигдмаар байвал томоохон арга хэмжээнд шагнал гардуулахад л болно. Нэг дор олонд танигдаж дебют хийх сайхан боломж юм байна шүү. Дэлгэцнээ кино урлагийн 80 жилийн түүхэн он цаг, кинонууд хөвөрч дурсамж сэргээв. Урлагийн номерууд ч түүхтэйгээ холбогдон үе үеийн киноны сайхан дуунуудыг сонсон сэтгэл сэргэв. Нээрээ л ийм байсан даа. Шагнал гардуулалт тун шуурхай явагдав.
Хэн, хэдэн шагнал “зулгаав”?
Киночид ер нь амлалт биш үр дүн ярьдаг хүмүүс юм. Манай төрийн түшээдэд киночдоос сурах юм их байна даа. СГЗ Г.Золжаргал аавд нь 40 жил, өөрт нь 10 жил, одоо хүүд нь хоол хийж өгч арыг нь дааж байгаа ээждээ талархав. Үнэхээр тэр буурай байгаагүй бол эдний гэр бүлээс сайн уран бүтээл гараа ч уу үгүй ч үү. “Ар хударга” киногоор Шилдэг дууны найруулагчийн шагнал хүртсэн Б.Баярхүү 11 жилийн дараа 5,1 аудиог дахин хийгээд үнэхээр чадсан гэдгээ омог бардам мэдэгдэв. Тэр нухсаар л байж, тасралтгүй ажилласны дүнд хүссэн зорилгодоо хүрчээ.
Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн болсон СТА А.Цэгмэд кино урлагт зүтгээд 50 жилийн дараа анхны том шагналаа хүртсэн нь энэ. Мөн тэр энэ өдрөөс гуравхан хоногийн өмнө дэлхийн кино “Марко Поло”-д тэнцсэн сайхан мэдээг хүлээж авч. Удахгүй тэр холыг зорих нь.