Хадгаламж зээлийн хоршоод 2005, 2006 онуудад дампуурч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөр хохирсон. Хадгаламж эзэмшигчид хохирлоо төлүүлж чадаагүйгээс одоо хүртэл жагсаал зохион байгуулсаар байна. ХЗХ дампуурсан нь төр, төрийн албан хаагчид буруутай гэж үзэж буй тул Засгийн газраас төлбөрийг барагдуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн.
ХЗХ-дын үл хөдлөх олон тооны хөрөнгө байгаа ч мөн төрийн албан тушаалтнууд хурааж авах нэрийдлээр хувьдаа завшсан, хямд үнээр дуудлага худалдаанд оруулсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж, Засгийн газар анхааралдаа авсан ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм байна.
Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлээгүй удааж байна гэж ХЗХ-ны өнөөдөр жагсаал зохион байгуулсан гишүүд үзэж байна. АН-ын шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг анхааралдаа авч, шийднэ гэж байсан ч мөн л удаашралтай байгаад шүүмжилж, буй ажээ.
ХЗХ-ны иргэд өнөөдөр Төрийн ордны хаалганы гадна лооцон барин зогссон байлаа.
Т.Түвшин
Ugluu.mn