АНУ-ын Техас муж улсын оршин суугч Майкл Вольф гэгчид террорист үйл ажиллагаанд оролцсон хэргээр долоон жил хорих ял оноожээ. Энэ тухай тус улсын Хуульзүйн яам мэдээлсэн байна.
Террорист “Лалын улс” байгууллагад туслахаар Ойрхи Дорнодыг зорих гэж байснаа, мөн Сирид хэт давруу үзэлтнүүдийн үйл ажиллагаанд оролцох гэж байснаа 24 настай Вольф өнгөрсөн оны зургадугаар сард хүлээжээ.
АНУ-ын Прокурорын газрын мэдээлснээр, Вольф Канадаас Исландаар дамжин Туркт очих гэж байсан байна. Тэнд тэрбээр Сирид очиход нь тусална гэж амласан Холбооны тагнан мөрдөх товчооны нууц ажилтантай уулзахаар товлосон байжээ.
Майкл Вольфийг Техас муж улсын Хьюстон хотын олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн жилийн зун баривчилжээ. Тухайн үед бас 23 настай, Америкийн иргэн Рахатул Ашиким Ханыг баривчилсан байна. Сомалид хэт давруу үзэлтнүүдийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийг элсүүлж байснаа тэрбээр хожим нь хүлээжээ. Ханд одоогоор ял оноогоогүй байгаа бөгөөд түүнд 15 жил хүртэл хорих ял оноож магадгүй байна.
О.Мөнхдуулга