Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар уулзалт хийж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц: “Ноён Ерөнхийлөгч! Хатагтай, ноёд оо! Европын парламентад тавтай морил гэдэг үгийг дахин албан ёсоор хэлье. Эрхэм Ерөнхийлөгч та Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Та итгэл найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа, үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа. Түүхэн уламжлалд тулгуурласан нээлттэй нийгэм байгуулахыг зорьж байгаа юм байна. Та болон таны эх орон орчин үеийн, дэвшилтэт улстөрийн стратегийг сонгон хэрэгжүүлж байна. Таны илтгэл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлснээс гадна нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө хамтран ажиллах уриалга дэвшүүлсэнд талархаж байна.
Европын парламент таны урилгыг хүлээн авч, 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлэх болно. АСЕМ бол Ази болон Европ тивийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга юм. Бид ирээдүй хойч үеийнхээ өмнө чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна. Ирэх арван хоёрдугаар сард Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт болно. Тийм ч учраас бид таны уриалгыг хүлээн авч байна.
Монгол гэдэг ардчилсан улсын ерөнхийлөгч өнөөдөр Европын Холбооны 28 сая улсын 507 сая гаруй иргэдийг төлөөлсөн парламентын чуулганд үг хэлсэнд баяртай байна. Европын парламент 28 улсын 507 сая иргэнд зориулсан шийдвэр гаргадаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Таны илтгэл Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх итгэл найдвар өглөө.” гэж хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Баярлалаа Ноён Ерөнхийлөгч өө! Европын парламентын чуулганд илтгэл тавьсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. 28 улсын 751 гишүүдээс бүрдсэн байгууллага гэдэг санаанд оромгүй тоо. Европын парламент бол ардчилал, энхтайван, эв зохицлыг уриалдаг байгууллага юм. Өмнө нь эх дэлхийд байгаагүй ардчиллын хамгийн том төлөөлөл болсон байгууллага бол Европын парламент юм. Би өөрийн эх орныг төлөөлөн улс үндэстнийхээ ололт амжилт, нийтлэг үнэт зүйлсийн талаар ярьсандаа баяртай байна. Бидэнд асар их урам зориг хайрлалаа.
Бид Ази тивдээ олон сайн зүйлийг бүтээж байна. Гудамжинд жагсах, сонгуульд оролцох нь хялбар боловч институтуудын тогтвортой байдлыг хангах нь хэцүү зорилт байдаг. Энэ утгаараа Европын Холбоо, Европын парламент, гишүүн улс орнууд бидэнд бүр анхнаасаа ямар ч эргэлзээгүйгээр тусласаар ирсэн билээ. 1990 онд бид шинэ эрин үед хөл тавьсан. Тэр үед биднийг үргэлж дэмжиж, урамшуулж байсан та бүхэнд талархлаа илэрхийлье.
Бидний хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа. Эдийн засгийн салбарт ч хамтран ажиллах боломж дүүрэн бий. Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай өссөн ч, тодорхой бэрхшээлийн улмаас өсөлт удаашраад байна. Гэхдээ манай эдийн засаг одоо ч 5-6 хувиар өсч байгаа. Европын компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулна гэдэгт итгэж байна.
Ирэх 2016 онд бид АСЕМ болон АСЕП-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Миний бие Ноён Щульцыг энэ уулзалтанд оролцохыг урьж байна. Та бүхний амжилт, та бүхний түүх, та бүхний сорилт манай бүс нутгийн улс орнуудын иргэдэд чухал сургамж өгч, урам зориг хайрлана гэдэгт итгэж байна.
Бид улстөр, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрчим хүч, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улс олон төсөл хөтөлбөрт хамрагдсан. Бид Европ болон Европын Холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Эдгээр нь Монгол Улс, Европын Холбоо болон гишүүн улс орнуудтай тогтоосон бидний хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр энд илтгэл тавьсан нь бидний хувьд маш том боломж, маш өндөр хүндэтгэл, 25 жилийн түүхтэй бидний ололт амжилтыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Бид ардчиллыг бэхжүүлэхийн тулд бүс нутагтаа хуулийн засаглал, хүний эрх, ил тод нээлттэй байдлыг хангаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьж байна. Энэ бол хэн нэгний үнэт зүйлс биш. Бидний ч, дэлхийн хаана ч эрхэмлэх ёстой үнэт зүйлс юм.” гэж хэллээ.