Их хэмжээний архи, согтууруулах ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл хяналт шалгалтаар илэрчээ. Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа гэгч нь тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй “Шарадоне” нэрийн гурван литрээр савлагдсан вино 12 ширхэг, “Гродьз” нэрийн гурван литрээр савлагдсан вино хоёр ширхэг, “Грушева” вино хоёр ширхэг, “Зелёная марк нэрийн 14 ширхэг архи хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ.
Дээрх зөрчил нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.8, 5.9 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.12 дахь заалтыг тус тус зөрчсөн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 5.9 дахь заалтууд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 163 дугаар тушаалыг үндэслэн иргэн Байгальмаагийн хууль бусаар импортлохыг завдсан архи, согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна.
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид хими, хор судлалын шинжилгээнд хамруулж дээж авахад, “Пишеничная”, “Бялая берёзка”, “Водка выбор” зэрэг нэр төрлийн архи Монгол Улсад мөрдөгдөж буй “Согтууруулах ундаа, цагаан болон өвөрмөгц архи, техникийн ерөнхий шаардлага” MNS 179:2014 стандартын нэгдүгээр хүснэгтийн Архины мэдрэхүйн үзүүлэлтийн 1,2,3,4 дэх үзүүлэлт, хоёрдугаар хүснэгтийн физик химийн үзүүлэлтийн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.