УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын найман гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа билээ. Хууль зүйн байнгын хорооны 2015 оны дөрөвдүгээр сарын 07 тоот тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр Ажлын дэд хэсгийн хуралдаж, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн саналуудыг хэлэлцэв. Жолооч бэлтгэх сургалтын тогтолцоог сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон дүрэм зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг оновчтой болгох, Зөрчлийн тухай хуультай уялдуулах зэрэг асуудлаар дээрх газруудаас санал ирүүлсэн байна. 2015 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 870 осол аваар бүртгэгдэж, 554 хүн гэмтэж, 141 хүн амь насаа алджээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 10.6 хувь нь 0-17 насны хүүхэд, 78 хувь нь 18-54 насныхан, 11.39 хувь нь ахмадууд байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослоор 503 хүн нас барж, 1 460 хүн гэмтсэн нь 2013 оныхоос нас баралт 18.6 хувиар өсч, гэмтсэн хүн 13.9 хувиар буурсан үзүүлэлт. Эдгээр ослын улмаас мөн 2014 онд улсын хэмжээнд 10 тэрбум 291,7 сая төгрөгийн хохирол учирсан тоо баримт бий. Энэ бүхэн Замын хөдөлгөөний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, хуулийн зохицуулалтыг сайжруулж шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатайг сануулж байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64118