Казахстанд бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэн тухай мэдээлэл цацагдлаа. Казахстанд 250 мянган толгой бөхөн байсан бөгөөд тэдгээрийн тэн хагас нь энэ сарын эхээр үхсэн хэмээн албаны хүн мэдэгдлээ.
Бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэний шалтгаан нь байгаль орчны болоод биологийн хүчин зүйлийн нэгдлээс үүдэлтэй хэмээн албаныхан таамагласан байна. Гэсэн ч малын эмч нарын хэлснээр, “Пастеурелла” болон “Клостридия” гэсэн хоёр төрлийн эмгэгээс үүдэж бөхөнгийн сүрэг үхсэн байна. “Ийнхүү амьтад олноороо үхэж байгаа гол асуудал нь амьтдын дархлалын систем сул байгаатай холбоотой. Дархлалын систем нь муу бол амьтад энэ эмгэгт амархан өртөж, улмаар үхдэг” хэмээн малын эмч нар хэллээ. Пастеурелла” болон “Клостридия” хэмээх эмгэгийг туссан амьтан сульдах, суулгах, амнаас нь хөөс сахрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд маш хурдан хугацаанд үхэх аюултай.
Лондоны мал эмнэлгийн сургуулийн төлөөлөгч Ричард Кок энэ өвчний тухай ярьж, “Энэ нь амьтдын дунд тохиолддог амьсгалын замын маш аюултай өвчин юм. Энэ эмгэгийг туссанаар амьтад амар хялбар амьсгалж чадахгүйд хүрнэ. Тэд юм идэхээ больж, их сульддаг. Ээж бөхөн нь үхсэнээр үр төл нь тамирдаж, нэгээс 2 хоногт үхдэг” гэжээ. Байгаль хамгаалах ажилтнууд сүүлийн жилүүдэд Казахстан улсын бөхөнгийн сүргийг хууль бус анчдаас хамгаалахын төлөө хичээн ажиллаж байна.
Эх сурвалж: /time.mn/