Хуулийн салбарт шинэчлэл хийх гэж эхлээд Х.Тэмүүжингийн “бөгс ухах” хэлц хэрэглэх нь ихэсч, өөрөөсөө бусад улстөрч рүү дайрч эхлэв. Энэ дайралтад нам нэгтнүүд нь ч багтаад буйг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонслоо. Тэр тусмаа сонгогчид чихээ халууцуулан байж өнөөх л “бөгс”-тэй шүүмжлэлийг сонсох нь доромжлол гэлтэй. Дээрх үйлдлээс нь харахад тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрыг халаагаа өгөх босгон дээр буюу дараагийн сайдыг ирэхийн өмнөхөн өрөөгөө сүйтгэж, ширээ сандлаа эвдэн, дрож дээр шүлсээ хаялан танхайрсан” гэх мэдээлэл үнэн байж магадгүй гэж бодогдсоныг нуух юун. Түүний энэ хорсол орыг нь залгахаар өндөр хувиар сонгогдсон дараагийн сайд руу бус Н.Алтанхуягийн Засгийн газар “нурах” болсонд чиглэж төрийн нэгэн яамыг нураах шахсан хэрэг байж. Ийм ёс зүйтэй сайдыг бушуухан үдсэн нь харин ч оновчтой хэрэг бус уу. Ингээд дараагийн сайдыг угтан авахын өмнөхөн “экс” сайдын танхайрсан өрөөг засан тохижуулах гэж бөөн ажил болсныг тус яамны ажилтнууд энэ талаар жиг жуг гэлцэж байгаа гэнэ билээ.
Тэднээс гадна “Хөх толбо” сонины 2015 оны №15/891/ дугаарт Х.Тэмүүжин албаа өгөхдөө хэрхэн танхайрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар илүү дэлгэрэнгүй гарсан байгаа юм. Гагцхүү дээрх сонинд л гарч, мэдээлэгдсэн байна билээ. Харин яагаад бусад сонин түүний талаарх ийм мэдээлэл дурьдагдаагүйгийн цаана юу байгааг бас л бодууштай. Тэр хэвлэлийнхний “ам”-ыг хаав уу. Эсвэл түүний гаргасан үйлдэл “ёс зүйгүй” гэдэг ангилалд орохооргүй юм уу.
Уг нь бол төрийн залгамж халаа, ажилд томилогдох, ажлаа өгөх ёс зүй гэж албан тушаалд очсон хэн бүхэнд байх ёстой. Гэтэл Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин ийм зүйл мэддэггүй бололтой юм. Хууль зүйн салбарыг шинэчилнэ гээд олон ч хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлж байсан энэ эрхэм өөрөө наад захын ёс зүйгүй болохоо дээрх үйлдлээрээ хангалттай харууллаа. Хоёр жил гаруйн хугацаанд суусан өрөөнийхөө сандал, ширээг эвдлээд хаяж гарсан “сайн ах” Х.Тэмүүжин албан тушаалаа өгч сураагүй аж. Дараагийн даргадаа ажлаа өгч чаддаггүй, албан тушаалаас салж чаддаггүй Х.Тэмүүжингийн ёс зүйгүй үйлдлийг ингээд орхиж болох уу.
Эх сурвалж: Jirgee.mn