17 сая төгрөгийг хуурамчаар үйлдсэн У, Г нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд төгрөгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд сүүлийн 2-3 жилд хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан байна. Тэд өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 10, 20 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр тааруулж хувилаад, галограмм, дардас зэргийг саатай үзэг, балаар бичдэг байсан байна. Ингэж үйлдвэрлэсэн мөнгөө хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх зэргээр гүйлгээнд оруулдаг байсан байна. Хуурамч төгрөг нь гарт тэмтрэхэд, гэрэлд харахад илэрхий байдаг бөгөөд иргэд санамсар болгоомжгүйгээс хуурамч мөнгөөр залилуулдаг тул Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж, дараах анхааруулгыг гаргажээ.
1. Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.
2. Дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байдаг “Монгол Улс” гэсэн эвхмэл бичиг болон “5000”, “10000” төгрөгийн нэрлэсэн үнийн тоо үл мэдэг товгор нь хурууны өндөгт мэдрэгдэнэ.
3. Дэвсгэртийн нүүрэн талын баруун хэсгийг гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны дүр бүхий усан хээ тодорно. /зөвхөн 1995 оны 5000 төгрөг, 10000-тад хамаарна/
4. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхацна
5. Дэвсгэртийг гэрлийн эсрэг барихад нууцлалын нарийхан утас харагдана. /зөвхөн 1995 оны 5.000-т, 10.000-тад хамаарна/ 6. Дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах нууцлалын металл утас, түүн дээр /MONGOLBANK/ гэсэн бичилт харагдана. /Зөвхөн 2002 оны 10.000-т болон 2003 оны 5.000-тад хамаарна/
7. Дэвсгэртийн нүүрэн талд мөнгөлөг, металл суурь дээр байрлагдсан соёмбо үсэг болон 10.000 гэсэн нэрлэсэн үнэ солигдож харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-тад хамаарна/
• 20.000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагддаг байна.
• Холограмм дардас дотор Соёмбо, 20.000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
• Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу “MONGOLBANK” гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг
• Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон “МБ” үсгүүд усан хээгээр тодорч харагдана
• Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ
• Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр “MONGOLBANK” гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана • 10.000 төгрөгийн Чингис хааны хөргийг усан хээгээр бүтээсэн байдаг
• Зууван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ
• Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн
• Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн байдаг байна. Ц.Анх
Мэдээний эх сурвалж: http://time.mn/