Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн тасагтай хамтран тус дүүрэгт оршин сууж байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Соёмбо” кино театрт зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээний үеэр оролцогч байгууллагуудаас захиргааны хяналтад байгаа этгээдүүдэд бичиг баримтжуулах болон хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгсөн ба дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир, С.Чинзориг нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн эрх, үүргийн талаар товч илтгэл, яриа таниулга хийжээ.
Сонгинохайрхан дүүргийн ГХУСАЗЗөвлөлөөс уг арга хэмжээнд хамрагдсан 400 гаруй иргэдэд гарын бэлэг гардуулж, “Соёмбо” кинотеатрт уран сайхны кино үнэ төлбөргүй үзүүлжээ.
Дээрх арга хэмжээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, хяналтын прокурор С.Чинзориг МҮОНТВ-д ярилцлага өгсөн байна.