Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно.
Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт төв цэвэрлэх байгууламжийг засч эхэлсэн. Засварын ажлыг хийх туулд тэг зогсолт хийж байгаа бөгөөд нийслэлийнхний цэвэр усыг аль хэдийн хязгаарлаад эхэлсэн юм. Түүнээс гадна бохир усыг 50 хувийн цэвэршүүлэлт хийн Туул голд цутгана гэдгийг өчигдөр мэдэгдсэн билээ. Энэ дагуу бохир усыг цэвэршүүлэлт хийн Туул руу цутгасан нь энэ зурган дээрх үр дүнг авчирсан байх талтай гэх хардлагыг төрүүлж байна. Хэдийгээр цэвэршүүлсэн гэж буй ч бохир ус л болсон хойно голын усыг бохирдуулах нь лавтай.
Уг нь бохир усыг Туул гол руу цутгаж болохгүй гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид ажиллах үеэрээ мэдэгдсэн. Гэтэл Туул гол өнөөдөр ийм байдалтай байна. Эсвэл бохирыг цэвэршүүлээд цутгасан шүү дээ гэдэг үгээр халхавч хийх гэж байна уу.
Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг 24 цагт багтаан хийхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн засварт нийтдээ 40 сая төгрөг зарцуулахаар болж, уг мөнгийг Ус сувгийн удирдах газраас гаргаж байгаа аж.
Эх сурвалж: www.24tsag.mn