Оросын гал тогоог блинчик буюу шарвингүйгээр төсөөлөх аргагүй. Нимгэхээн хайрсан амтат блинчикийг өөрийнхөө дуртай цөцгийн тос, жимсний чанамал, зөгийн бал, шоколад, сироп, өтгөрүүлсэн сүү буюу молоко, аарц зэргээр амталж болохоос гадна чихэрлэг зүйлд дургүй бол дотор нь мах, төмс, ногоо гээд юу л бол юу хийж идэж болно. Блинчикийн зуурмаг шингэн байх тусмаа нимгэхэн, амттай болох юм. Мөн өөрийнхөө идэх дур хүсэлдээ, ямар зүйлээр амталж идэх гэж байгаагаасаа шалтгаалан давстай, эсвэл чихэртэй хийж болно. Энэ орц, жороор даруй 3-4 хүн өлхөөн хооллох юм.
Орц: Сүү – 500гр
Өндөг – 3ш
Гурил – 280 гр
Сахар – 2 а/х
Давс – 1 ц/х
Масло – 60гр
Хийх арга: Өндөгөө задалж хутгаад сүү, давс, сахар, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Миксер хэрэглэсэн ч болно, гараар хутгасан ч төвөг байхгүй. Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна. Сүүлийн үеийн наалддаггүй хайруулын тавганд тосгүй шууд шарж болно. Амттай, өег энэ хоолыг томчууд төдийгүй хүүхдүүд ч амтархан иддэг.