Монголчууд гол усруугаа сүү цагаан идээ хүртэл оруулж болохгүй гэж эртнээс нааш их л цээрлэж ирдэгсэн. Гэтэл нийслэлчүүд бид уух ус руугаа өтгөн шингэнээ юүлээд даруй 7, 8 жил өнгөрчээ.
Нийслэлийн цэвэрлэх байгууламжинд тэг зогсолт хийж 3 хоногийн хугацаанд засвар хийх талаар яригдсан. Гэвч бүхэн бүтэн хотын иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эс бөгөөс бохирыг Туул гол руу шууд цутгахаас өөр сонголт үлдээгүй гэдгээ ч холбогдох газрын удирдлагууд, мэргэжилтнүүд хэлсэн.
Гэвч иргэдээ бодож 3 хоногт биш 24 цагийн дотор нийслэлийн цэвэрлэх байгууламжинд 40 сая төгрөгөөр “гал унтраах” төдий засвар хийгджээ.
Ус сувгийн удирдах газрын харьяа цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг 2015 оны 06 сарын 13-ны шөнө 03 цагаас эхлүүлж, 06 сарын 14-ний 00 цагт шилжих шөнө нийт 23 цагт багтаан хийж дуусгасан бөгөөд засвар хийх хугацаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй ба богино хугацаанд тухайн засварын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг хэвийн болголоо гэж УСУГ-аас мэдээлж байгаа юм.
- Анхдагч 4 тунгаагуурын бетонон хийцийг засварлаж, 1,3 дугаар тунгаагуурын шибер хаалтыг шинээр сольж 4 дүгээр тунгаагуурын шибер хаалтын цөмөрсөн хэсгийг засварласан.
- Элс баригчийн 4 коридорт тогтсон 15 тонн элс, хог цэвэрлэсэн.
- Биологийн цэвэрлэгээний аэротенкийн цоорсон 240 метр квадрат хэсгийг бөглөж засвар хийлээ.
Улаанбаатарчуудын усны хэрэглээг зайлшгүй хязгаарлах шаардлага гарч Ус дулаан дамжуулах 110 төв, 36 үйлдвэр аж ахуйн газар, Урьдчилан цэвэрлэх байгууламжид бохир усаа нийлүүлдэг 9 ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн усыг тодорхой хугацаанд хязгаарласан.
Анхдагч тунгаагуурын хуваарилах шибер хаалтын засварын үед бохир ус эрс багассан тул 2 насос станцын хүлээн авах сан болон 1200,1400 мм-ийн гол шугаманд ухрааж, хуримтлуулсан.
Биологи цэвэрлэгээний Аэротенкийн засварын үед механик цэвэрлэгээгээр цэвэрлэсэн 70900 шоо метр усыг /60-аад хувийн цэвэршилттэй/ хэт ягаан туяа болон хлороор давхар халдваргүйжүүлэн байгальд нийлүүлсэн. Энэхүү засварын ажлын явцад УСУГ-ын Усны төв лабортори байнгын хяналт тавьж, цаг тутамд усанд ууссан үлдэгдэл хлорыг үзэж, 2 станцаар хүлээн авсан болон цэвэрлээд гаргаж буй уснаас дээж авсан. Мөн хөндлөнгийн хяналтанд Туул голын сав газрын зөвлөл ажиллажээ.