МХЕГ-ын албан ёсны мэдээллээр, 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн байна. Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажилладаг ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчиж байгаа аж. Тус хуулийн заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно” гэж заажээ. Биедээ эм, эмнэлгийн хэрэгсэл нуун оруулж ирэх тохиолдол гардаг байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зорчигчийн биед тэр бүр үзлэг хийх боломж байдаггүй. Сэжигтэй тохиолдол, эсвэл бусдын мэдээллээр гаалийнхантай хамтран зорчигчийн биед шалгалт хийдэг байна. Тиймээс энэхүү зүйл заалтыг хуульдаа нарийн зааж өгөх шаардлагатайг улсын байцаагчид онцолж байлаа. Өнөөдрийн хуульд ерөнхийд нь заачихсан байдаг учраас хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг аж.
Эх сурвалж: /www.unen.mn/