Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.
Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр мөн л шүүгчдэгч Г.Маралмаагийн бие муудаж шүүх түр завсарлаад эргэж орлоо. Шүүх бүрэлдэхүүн энэ удаад шүүх хурлыг хойшлуулахгүй гэж мэдэгдлээ.
Шүүх хуралд оролцож буй сэжигтэн Т.Цогт хамтран амьдрагчийнхаа эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрбээр, “Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийж байхдаа миний охиныг ээжээсээ бузартсан гээд сураар ороолгодог байсан. Нүүр, нүд рүү сүү, архи цацдаг байсан.
Маралмааг миний охиныг алчихна гэж арай бодоогүй. Хэрэв цэцэрлэг байсан бол охин маань өнөөдөр амьд байх байсан. Маралмаа намайг ажилдаа явсан хойгуур миний охиныг зодож, дарамталдаг байсан юм билээ. Охин маань нэг удаа ааваа та ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодох гээд байна гэж байсан” хэмээжээ. Мөн энэ үеэр талийгаач охины ээж охиноо хүнд үрчлүүлэхээр гэрээ байгуулж байсан гэдгийг Г.Маралмаагийн өмгөөлөгч дэлгэн тавьсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл