Мөрдөн байцаагч Азми энэ зургадугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад монгол эмэгтэй өртсөнийг нотолж, хэргийг нягтлан шалгаж эхлээд байгааг дуулгасан талаар манай улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Тэрбээр гэмт этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт байсан Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархдсан байж болзошгүй байдалтай байна хэмээв. Уг бизнесмен өмнө нь халдлагад өртөж, бууны шарх авч байсныг дурьдсан байна. Хэрэг явдал өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай гэлээ.
Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүрэгт бууны суманд өртсөн хохирогч монгол эмэгтэй нь суралцаж байсан эсэх нь тодорхойгүй, ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа мөн овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзад хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа гэдгийг Гадаад хэргийн яамны эх сурвалжууд мэдээлсэн билээ. Тэгвэл Малайзын нэгэн өдөр тутмын сайтад энэ талаархи мэдээлэл гарчээ.
Тодруулбал, тус бизнесмэн хэд хэдэн удаа заналхийлсэн дуудлага хүлээн авч байжээ. Мөн 35 настай энэ эр өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож байсан аж. Хохирогчийн хувьд 26 настай Номин-Эрдэнэ гэдэг бүсгүй байсан бөгөөд бизнесмэн эртэй WeChat-аар танилцаад нэг жил орчим болж байжээ.
Тухайн үед гэмт этгээд таван удаа буудсан бөгөөд тэнэсэн сумны хоёр нь бүсгүйн биед орсон аж. Харин машин жолоодож явсан бизнесмэн ямар нэг шарх аваагүй байна.
Цагдаа нар монгол эмэгтэй хэзээ Малайзад ирсэн талаар мэдээллийг шалгаж байгаа ажээ. Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn