Багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулсан царайлаг, авьяаслаг залуугийн харцанд торж, хайрыг нь татах гэсэн охид бүсгүйчүүд их байдаг гэдэг нь мэдээж биз. Гэвч тэрбээр аль хэдийнэ хань ижлээ олсон төдийгүй хөөрхөн хүүгийн аав болсон тухайгаа саяхан дэлгэж, өөрт нь хайр зарласан сонсогч фэнүүдээ “гомдоогоод” байгаа.
Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун хүндэтгэн эрхэмлэдэг багш болох Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хамт Европын орнуудаар аялан тоглолтоор яваад ирсэн удаатай. Мөн тэрбээр хоёр ч бие даасан тоглолтоо үзэгч сонсогчдод хүргэсэн бөгөөд зарим хит дууныхаа шүлгүүдийг өөрөө биччихдэг чамгүй найрагч нэгэн аж.
Сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа “Насны минь хань, нандин сэтгэлийн уяа” хэмээн бичиж, хайртай ханиараа бахархаж суугаа Я.Гэрэлчулуун маань энэхүү дөрвөн мөрт шүлгийг ч түүндээ зориулан зохиосон гэнэ.
…Энэхэн хорвоод ганцхан амьдрахдаа
Ээж ааваасаа илүү намайгаа гэсэн
Эгэлхэн амьдралын ачааг тэнцүүлсэн
Энэхэн насны итгэлт хань минь дээ… хэмээн бичсэн түүний шүлэг тун удахгүй хит дуу болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа гэсэн шүү.
Эх сурвалж: photonews.mn