Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д хийсэн айлчлалаа дүгнэлээ

268ef5c4ced5c44f6045202bde6f4391Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим асуудлаа хөдөлгөх, шийдэх, үүнд үндэслээд том төслүүддээ, том асуудалдаа оръё. Бид хэтэрхий урт хугацаанд хэтэрхий жижиг сэдвээр байрандаа эргэлдлээ. Энэ бол миний ОХУ-д хэлэх гол мессеж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. 30 минут уулзахаар товлосон ч уулзалт 50 гаруй минут үргэлжилсэн.

Монголтой хамтарсан үйлдвэрүүдийн захирлуудыг Оросын тал энэ уулзалтад оролцуулсан. Манайх ч мөн адил Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудаа байлцуулсан.

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын талаар уулзалтаар ярьсан. Эхний ээлжинд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн асуудлуудыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хүргэдгээ одоо зогсооё. Бизнес, төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлуудаа шийдвэрлэдэг болъё. Ер нь жилд нэг, хоёрхон хуралддаг энэ зөвлөлөөс гадна үйл ажиллагааг нь гардан явуулдаг гүйцэтгэх захиралд эрх мэдлийг нь шилжүүлэх замаар асуудлуудаа хурдан шийдвэрлэе гэдэг асуудлыг тавьсан. Төмөр замын хувьд тээвэрлэлт, түлшний асуудлыг ярьдаг. Энэ асуудалд тодорхой шийдлүүдийг гаргаж, шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд илэрхийллээ. Таван төгрөг, тавантэрбумаас болж цаана нь орж ирэх илүү том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа гацааж таарахгүй. Хамтарсан үйлдвэрүүдийн асуудлуудад тал талаасаа анхаарч ажиллая гэж ярилцсан.

Монгол Улсын малын тоо толгой 60 саяд хүрлээ. Мичин жилийн зуд гэж манайхан ярьдаг. Өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, хадлан тэжээлээ бэлтгэх ёстой гэдгийг хэвлэлийнхэнтэй уулзсан энэ далимд малчдадаа уриалмаар байна. Манай улс бололцооныхоо хэрээр мах экспортлох ёстой.

Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар Монголоос ОХУ-руу мах экспортлох болзлыг 7 үйлдвэр хангаад, тус улсад мах экспортлоход бэлэн болсон байгаа.

Манай хоёр улсын хооронд иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулаад хил, гааль дээр зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа, Оросын хил дээр дараалал, асуудал үүсч байгааг хэлсэн. Үүнд Ерөнхийлөгч биечлэн оролцож зохицуулалт хийнэ гэсэн. Иймд Оросын хил дээрх нөхцөл байдал сайжирч, визгүй зорчдог болсон энэ шийдвэрийн үр дүн бүрэн утгаараа гарна гэдэгт итгэлтэй байна.

Хос төмөр замтай болох, төмөр замаа цахилгаанжуулах ажлуудаа бид авч явах ёстой. Үүний зэрэгцээ Оросын хувийн хэвшлийнхэн том төслүүд, зам барилгын ажилд хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэлсэн. Тэдний энэ саналыг Ерөнхийлөгчид уламжлахад Монгол Улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Орос хэлээр ярьдаг монголчуудын тоо 1990 оноос хойш 30 хувиар буурлаа гэсэн албан бус судалгаа байдаг. Орос сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг дэмжих, сургалтыг чанаржуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын тал анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Энэ айлчлалын үеэр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийг тэргүүлж байгаа В.Б.Христенкотой уулзаж, “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. ОХУ-ын Засгийн газар тээврийн тариф, гаалийн татварын асуудлуудаа эдийн засгийн комисст шилжүүлсэн учраас энэ комиссийн үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, гишүүн биш ч ажиглагч орны хувьд ОХУ-аас дамжиж гарч буй тээвэр болон гаалийн татвар бусад асуудалд дэмжлэг авах бодит шаардлага гарч байгаа юм. Иймд хамтарч ажиллах нь зөв юм.

Ирэх долдугаар сард гурван орны төрийн тэргүүн ОХУ-ын Уфа хотод уулзана. Энэ уулзалтаас өмнө тодорхой асуудлуудаа шийдэх ийм бололцоо гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл, жаахан холдоод байсан хойд хөрш маань ойртох бололцоо гарсан айлчлал боллоо гэж дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцдогт ОХУ талархалтай ханддаг. Манай улс хоёр дахь жилдээ оролцлоо. Энэ чиглэлийн харилцаагаа хадгалж, Оросын бизнес, хөрөнгө оруулагч, Засгийн газартай хамтарч ажиллах нь манай улсад бодитой үр дүн өгнө гэж харж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …