Хаан, харцаараа хаваржин дайтсаар зуны сартай золгосон МАН-ын залуус өнгөрсөн амралтын өдөр НАМЗХ-ны V Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгов. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ч хоосон хоцроосонгүй, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ. “Сайхан” сонголт байгаа биз, 35 насыг даваад 40 рүү жийж яваа нөхөд Залуучуудын холбоог удирдахаар сонгогдсон нь энэ.
Уг нь МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 19-ний өдөр хуралдаж, НАМЗХ-нд тодорхой чиглэл өгсөн байдаг юм.
Үүнд:
1. НАМЗХ-ны одоо мөрдөж байгаа дүрэмд заасны дагуу НАМЗХ-ны насны дээд хязгаарыг 18-35 нас байна гэсэн заалтыг хэвээр үлдээх.
2. Одоогоор бүрэн эрх нь хэрэгжиж байгаа 35 нас хэтэрсэн сонгуульт төлөөлөгчдийг НАМЗХ-ны V их хуралд таслах эрхтэйгээр оролцуулах.
3. 2016 оны сонгуулийн бэлтгэл хангаж, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Бодлогын зөвлөлийг байгуулж ажиллах.
4. Чуулганыг намын дотоод эв нэгдлийг хангаж зохион байгуулахыг үүрэг болгох гэжээ.
Гэвч энэ чиглэлээс алийг нь ч хүлээж авсангүй, нулимж орхив. Өнгөрсөн хаврын турш маргаан дэгдээж, эцэстээ Удирдах зөвлөл нь хошуу нэмэрлэхээс аргагүй болсон асуудлын нэг нь энэхүү насны хязгаар. Тодруулж хэлбэл, НАМЗХ-ны гишүүний насны дээд хязгаар 35-аас хэтэрч болохгүй гэсэн зөвлөмжийг залуус нь хүлээж авсангүй, 40 шүргүүлэв. Олон улсад мөрдөж ирсэн 18-35 залуу нас гэх тогтсон жишгийг албан тушаал, эрх мэдлийн төлөө эвдсэн нь энэ. Үүнтэй НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ эвлэрч чадсангүй, ерөнхийлөгчид өрсөлдөхөөс татгалзаж нэрээ татсан байна билээ. Тэрээр НАМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашсан энэ хугацаанд албан тушаалын төлөө яваагүй, төрийн албан тушаал аваагүй нь бяр дутсандаа биш зарчимдаа үнэнч үлдэхийг хүссэнийх гэдгээ тодотгосон байсан. Энэ үг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарт хамгийн их хамааралтай болов уу. Тэднийг намын нөхөд нь аль ч Засагт нүүртэй нөхөд гэдэг, үнэн.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, Засгийн газар өөрчлөгдөхөд гагцхүү Г.Тэмүүлэн албан тушаалдаа үлдэж чадаж байсан юм. Дараа нь МАН Засгийн газарт хамтрахад Уул уурхайн дэд сайдаар томилогдсон.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч хууль тогтоох дээд байгууллагад байдгийнхаа хэргийг гаргасан. УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хоёронтаа хүлээж авалгүй буцаасан байхад Н.Номтойбаяр гишүүний эзэмшил МАК-д Цагаан суваргын ордыг 100 хувь эзэмшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан юм даг. Ногоон гэрлээр л батлагдаж байсан даа. Энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Цог гомдол гаргаж, Цэцэд хандаад ч хүчрээгүй. Одоо харин НАМЗХ-нд дахин ирлээ. Ирэхийн тулд ч их ч үзлээ, санасандаа хүрлээ.
НАМЗХ-оо мөнгөтэй, албан тушаалтай хүний өмнө хэн ч биш болж хувирсан юм байна. Удирдах зөвлөлөөсөө Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах Бодлогын зөвлөл байгуулж ажиллах гэсэн чиглэл өгөхөөр Н.Номтойбаяр гишүүнийг даргаар нь сонгочихдог.
МАН-д түүнээс өөр залуучуудын талаар бодлого боловсруулчих боловсон хүчин алга уу. Гэдэс нь өлсөж, мөр нь цоорхой яваагүй нөхөр Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг мөн боловсруулна даа.
Г.ХОРОЛ
Эх сурвалж: news.mn