“Ерөнхий сайдын 30 минут” уламжлалт нээлттэй ярилцлагын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт болсон зарим ажлын талаар товч мэдээлэл хийлээ.
“Гудамж” төслийн хүрээнд долоо хоногт нэг уулзвар ашиглалтад орж байна. Өнөөдөр Дарь-Эхийн уулзварыг засаж өөрчлөн ашиглалтад орууллаа.
Ерөнхий сайдын өрөөнд даваа гариг бүр болдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” ажлын уулзалтыг нээлттэй хийж эхэлсэн. Хууль бусаар хил давуулах гэж байхад нь авч үлдсэн ховор үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлээ олны хүртээл болголоо. Гаалийн газарт байгаа эдгээр үнэт өвийг холбогдох газруудад нь шилжүүлдэг байх журмыг Засгийн газар гаргана. Наадмын бэлтгэл, нээлтийн арга хэмжээний явцын талаар байнга мэдээлэл авч, уулзалтуудыг хийж байгаа. Наадмын бэлтгэл 80 хувьтай байна. Аймгийн Засаг дарга нартай хийдэг цахим уулзалтаар орон нутагт шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ЗГХЭГ-т урьдчилан бичгээр ирүүлж, холбогдох яам, агентлагийн хариуцсан хүмүүсийг байлцуулан аймаг бүртэй цахим хурал хийхийг үүрэг болгосон. Үүнээс гадна удахгүй Үндэсний их баяр наадам болно. Наадмын төсвийг 100-150 сая төгрөгөөр нэмэх болсон гэж Ерөнхий сайд ярилаа.
Энэхүү нээлттэй уулзалт ярилцлагын үеэр сэтгүүлчид Ерөнхийлөгчийн сонгууль болоод орон сууцны 8 хувийн зээлтэй холбоотой сэдвээр нэлээд хэдэн асуулт тавилаа. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэчнээн хувьтай байгааг Ерөнхий сайдаас тодруулахад “Тооны араас хөөцөлдөж ажил хийгээгүй. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын дүнд иргэдийн амьдралд эерэг үр дүн гарч байх учиртай. Үүний төлөө ажиллаж байгаа, тиймээс 4 жилийн дараа бидний хөтөлбөр 150 хувийн биелэлттэй гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.