Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай уулзалт хийж хууль, шүүхийн салбарын шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Та бүхний түмэн амгаланг айлтгая. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад ард иргэдийн зүгээс хууль, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой үйл ажиллгааны талаар олон санал гарч байсан. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд бидний хамтарч хийсэн ажлыг манай ард иргэд бас тодорхой хэмжээгээр үнэлж дэмжиж байгаа. Хамгийн гол нь цаашид үүн дээр ямар нэгэн завсардал гаргахгүйгээр хууль, шүүхийн байгуулагын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үүрэг даалгавар өглөө гэж ойлгож байна. Ард түмний итгэл гэдэг бол нэг талаас их том, чухал зүйл. Нөгөө талаас ерөөсөө л хариуцлага. Та бүхэн урьдын адилаар амжилттай сайн ажиллаарай. Дээр нь илүү эрчимтэйажиллаарай. Хийж байгаа ажлаа үр дүнд хүргээрэй гэсэн итгэл, хариуцлагыг ард иргэд өглөө гэж ойлгож байна.
Хууль зүйн яамнаас судалж гаргаснаар хууль, шүүхийн байгууллагын өөрчлөлт, эрх зүйн шинэтгэлийг хийхэд 42 хууль гаргах хэрэгтэй болоод байна. Түүнээс шүүхтэй холбоотой зургаан хууль батлагдсан. Дахин зургаан хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө тэр зургаан хууль батлагдвал чухал алхам болно. Цаана нь 30-аад хууль үлдэж байна. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, хүмүүс, иргэд, олон нийтийн байгууллага эдгээр хуулийг боловсруулах ажилд их идэвхтэй оролцох хэрэгтэй юм.
Өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудад зарчмын шинжтэй орсон өөрчлөлтүүдээс товчхон хэлэх нь зүйтэй байх. Хуучин манайд шүүхийн удирдлага, шүүхийн захиргааны удирдлага хоёр хамт байсан. Үүнийг салгасан. Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа гарсан. Шүүхийн ерөнхий зөвлөл санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэдэг. Шүүгчээр ажиллуулах хүмүүс, боловсон хүчнийхээ асуудлыг шийддэг. Шүүгчтэй холбоотой бүхий л асуудлыг тусад нь шийдвэрлэдэг болсон. Шүүх дангаараа шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг болж байна. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлээд явж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа гараад бүрэлдэхүүн нь батлагдсан. Энэ бол том, чухал өөрчлөлт юм.
Хоёр дахь зарчмын шинжтэй том өөрчлөлт бол эрх зүйт нийгэмд хуулийг дээдэлдэг улс орнуудад байдаг өөрчлөлтийг бидхийсэн. Тэр нь Хуульчдын холбоо юм. Шүүх, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд төрөөс оролцдог оролцоог багасгаж, мэргэжлийн хүмүүсийн, тэр тусмаа өндөр ёс зүйтэй, өндөр чадвартай хүмүүсийн хийдэг ажил болохыг үүнд тусгасан. Хуульчийн мэргэжлээр төгссөн хүмүүс шалгалт өгчтэнцээд үнэмлэх авдаг. Тэндээсээ прокурор, шүүгч, өмгөөлөгч болж гардаг. Тэдгээр хүмүүс хариуцлага алдвал мэргэжлийн зөвшөөрөл нь хүчингүй болдог байдлаар зохицуулсан нь үнэхээр хуулийн байгууллагыг бие даалгах, жинхэнэ мэргэжлийн ёс зүйтэй байгууллага болгох чиглэл рүү хийсэн их том өөрчлөлт юм.
Шүүхийн шийдвэр ил тод болж байна
Гурав дахь чиглэл бол шүүхийн шийдвэр ил тод болж байна. Энэ ажлыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Шүүхийн гаргаж байгаа шийдвэрүүд хуулиар тогтоосон нууцлалгүй бол ил тод болж байгаа. Энэ нь эргээд хариуцлагыг бий болгож байна. Шүүгчийн шийдвэр ил болно. Тэнд оролцож байгаа прокурор, өмгөөлөгч, ял сонсч, яллаж байгаа бүх талуудын үндэслэл бичигддэг, ил тод гардаг болоод ирэхээртэнд оролцдог бүх хүн хариуцлагатай болно. Үүгээрээ энэ өөрчлөлт их чухал болсон.
Шүүхийн төсөвтэй холбоотой асуудал байдаг. Аливаа зүйл дээр нөлөөнд орчих гээд байдаг, төрийн хамаарал нь нэмэгдэх гээд байдаг зүйл бол төсөвтэй холбоотой үйл ажиллагаа байдаг. Түүнийг тусад нь хуулиар хуульчилж шүүхийн төсөв шууд УИХ-д өргөн баригддаг болсон. Өмнө нь шүүхийн төсөв Сангийн яамаар хянагддаг, хасагддаг, танагддаг байсан. Энэ байдал зогсч шууд УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгддэг боллоо. Дээрээс нь өмнөх жилийнхээ төсвөөс буурахгүй гэсэн бас нэг зарчмыг ерөнхийд нь тогтоож өгсөн.
Иргэдтэй холбоотой, иргэдийн иргэний эрхтэй холбоотой, шүүхийг иргэнд үйлчилдэг болгох чиглэлд хийсэн том өөрчлөлт бол Эвлэрүүлэн зуучлах тухай хууль юм. Өнөөдрийн эрүүгийн болон захиргааны гээд янз бүрийн төрлийн гэмт хэргийг харахад бараг 30-40 хувь нь маргалдагч талууд, хохирсон, хохироосон талууд Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн дагуу асуудлаа шийдэх боломжтой байгаа юм. Ингэх юм бол нэг нь хорих ялаар шийтгүүлдэг, нөгөө нь хохирлоо төлүүлж чадалгүй үлддэг байдал арилна. Аль аль тал нь учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөөд хохирсон тал нь төлүүлдэг, нөгөө талаа заавал хорих ялаар шийтгүүлдэггүй болж байгаа юм. Тэгвэл хоригдох хүний тоо буурч, нөгөө талаас иргэдтэй холбоотой асуудлыг зөвөөр шийддэг механизм орж ирж байна.
Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцдог болов
Иргэдийн төлөөлөлтэй холбоотой асуудал байна. Зарим оронд одоо хүртэл маргаж байгаа энэ асуудлыг бид нар ярилцаж байгаад зориглож оруулсан. Анхан шатны журмаар шүүх шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцдог болж байна. Ийм таслах эрх өгсөн нь их том шийдвэр болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн төлөөлөгч гэдэг бол шүүх хурлын гадна юм уу, дотор зүгээр хараад сууж байдаг биш, шууд дотроос нь хяналт тавих боломжтой, шүүгчтэй адилхан шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрийг илүү иргэнлэг, илүү хуулийн төвшинд гаргах ийм боломж бүрдүүлэх механизм байгаа юм. Үүнийг цаашдаа боловсронгуй болгох алхмууд хийнэ.
Дараагийн нэг чухал өөрчлөлт бол улс төр, төрөөс хамаарах хамаарал, мөнгөнөөс хамаарах хамаарал, аливаа шийдвэр гаргах хүчин зүйлд нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Энэ асуудал цаашдаа прокурор, бүх хуулийн байгууллагад шилжих байх.
Шүүгч шүүх хурал хийхэд нөлөөллийн мэдүүлэг гаргадаг боллоо. “Ийм хүн утасдлаа. Ийм юм санал болголоо. Энэ хэргийг ингэж шийд гэж надад нөлөөлөх гэж оролдлоо гэж мэдүүлэг гаргадаг болж байна. Хэрэв нөлөөллийн мэдүүлэг нь батлагдах юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээдэг, нөлөөлөх гэж оролдсон этгээд хариуцлага хүлээдэг, албан тушаалтан бол албан тушаалаасаа огцордог. Нөлөөлөх гэж оролдсон этгээд төрийн албан тушаалтан биш бол өөр байдлаар хариуцлага хүлээдэг иймэрхүү асуудлуудыг маш тодорхой оруулж өгсөн байгаа. Мөн шүүх, хууль, хяналтын байгууллагуудын ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажил хийж байна.
Шүүгч, цагдаа, прокурор буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээдэг болж байна
Цаашдаа бид юу хийх хэрэгтэй вэ. Бид хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ороод ажиллаж эхэллээ. Иргэндээ үйлчилдэг тэр үндсэн үзэл баримтлалыг бид бүх хуулиндаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага гэдэг бол төрийн эрх мэдэлд биш, иргэний эрхийг хамгаалахад үйлчилдэг чиглэлийг бид хатуу барьж явъя гэж байгаа. Асуудлыг төр рүү заагаад хаячихдаг. Төр хариуцлага хүлээнэ гэдэг. Тэнд албан тушаалтан огт заагдаагүй байдаг. Одоо бол албан тушаалтныг шууд заадаг болж байгаа. Шүүгч буруу шийдвэр гаргасан байх юм бол өөрөө хариуцлага хүлээдэг. Цагдаа буруу шийдвэр гаргаад хүн хорьдог юм уу, шүүх, прокурор буруу шийдвэр гаргасан, тэр нь хуулиар нотлогдох юм бол заавал хариуцлага хүлээдэг байх нь чухал. Энэ хариуцлагын тухай асуудал өмнө нь огт байгаагүй. Ийм чухал зарчим цаашид бүх хуульд орж байгаа.
Аливаа хэргийн нууцлал гээд мэдээлэл задруулдаггүй байсныг хэвлэл мэдээллийнхэн мэднэ. Тэгвэл өнөөдөр аливаа иргэн хэрэгт холбогдвол тэр өдрөөс хойш хэргийнхээ талаарх бүх мэдээллийг мэддэг болж байгаа. Хариуцлагыг маш тодорхой болгож байгаа юм. Иргэдийг алагчилж ялгалгүй хуулийн зохицуулалтыг хийж байгаа. Энэ зарчим бол маш чухал.
Хоёр дахь зарчим бас чухал. Аливаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон этгээд олон жилийн ял авдаг. Гэтэл түүний учруулсан хохирлыг хэн ч барагдуулдаггүй. Тэгэхээр энэ хохирлыг барагдуулах зарчмыг их сайн оруулж өгөх нь чухал. Учруулсан эдийн засгийн хохирлыг заавал төлдөг, төлсний хэрээр тухайн гэмт этгээдийн ялыг хөнгөлж байхаар зохицуулж өгдөг байя.
Гурав дахь чухал зарчим цаашид үйлчлэхээр болж байна. Нийтийн өмч хөрөнгийн төлөө нэхэмжлэл гаргадаг зарчим Монголд байгаагүй. Нөгөө талаас хүний эрхийн төлөө нэхэмжлэл гаргах эрх иргэнд нээлттэй байгаагүй. Энэ эрхийг нээлттэй болгож өгч байгаа. Байгаль орчны, олон нийтийн зам талбайтай холбоотой хохирлууд байна. Олон нийтийн зам талбайн асуудлыг хотын удирдлага буруу шийдсэн байвал энэ асуудлыг мэдсэн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж байгаа. Иргэний эрхийг зөрчиж, хүүхдээ зодсон, эхнэрээ дарамталсан хүнийг харсан хөрш айлынх нь хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж байгаа. Энэ бол үнэхээр том өөрчлөлт.