Мөнгөнд дургүй Х.Тэмүүжингийн “тендергүй ялагч”-дад мөнгө тараасан хэрэг илчлэгдэв

14349649175587d3b56d99d“Шуналтай хүнээс бүү ай. Би шуналгүй гэж хашгирдаг хүнээс ай” гэж онч үг бий. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой хууль бусаар хөрөнгө зарцуулсан тухай баримт дуулиан тариад байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны 77 дугаар тушаал гарч Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд баригдах барилга, байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад ажилд 2 тэрбум 599 сая 400 мянган төгрөгийн хөрөнгө батлахаар болжээ.

Гүйцэтгэлээр Хууль зүйн  яамны төсөвт “зураг төсвийн ажилд” гэсэн зориулалтаар 1 тэрбум 749 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.  Ингэхдээ уг хөрөнгийг нэр бүхий компаниудад олгосон ч тендер зарласан ул мөр, баримт олдсонгүй. Мөн дээрх долоон төсөл арга хэмжээний дөрвийг нь “ИЗМ НЭГ” ХХК-иар  гүйцэтгүүлж 1 тэрбум  599 сая 100 мянган төгрөгийг олгохоор шууд гэрээ байгуулжээ. Тус компани Хууль зүйн яам болон Мөрдөх албаны барилгын өргөтгөлийн зураг төсвийн ажлыг гүйцэтгэхээр 116.9 сая төгрөгийн гэрээ байгуулж гэрээ хийсэн ч зураг төсөл нь дуусчихаад байхад газрын төсөл олгогдоогүйгээс болж үлдэгдэл 50 хувийн зардлаа Сангийн яамнаас авч чадаагүй байгаа аж.

Тэгэхээр хаана барихаа шийдээгүй, газрын зөвшөөрлөө аваагүй байхад ямар хэмжээний барилга байгууламжийн зураг төсөл гаргасан байж эхний 50 хувийг буюу 50 гаруй сая төгрөгийг авсан байж таарах вэ. Тэр тусмаа хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгүй шууд гэрээ гэгчээр өгсөн гэхээр тухайн компанид мөнгийг шилжүүлэх нь л хамгаас чухал байжээ дээ гэж ойлгогдож байгаа юм.

Мөн яг ийм байдлаар, дээр дурьдсан “ИЗМ НЭГ” ХХК-иар  гүйцэтгүүлэх дараагийн “бүтээн байгуулалтын арга хэмжээ” нь Чулуутын амны мөрдөн байцаах албаны сургалтын цогцолборын барилгын зураг төсвийн ажилд 935 сая төгрөгийн гэрээ хийсэн. Дээрхийн адил газрын зөвшөөрөлгүй, техникийн нөхцөл олгогдоогүй барилга байгууламж дээр “зургаа зурж хохирчихоод” санхүүжилтийнхээ талыг нь авч чадаагүй тарчилж яваа юм байх. Баянзүрх дүүргийн иргэн, эрүүгийн 1-р тойргийн шүүх, прокурорын барилгын зураг төсвийн ажилд 529.2 сая төгрөгийн гэрээ мөн л барилгын газрын зөвшөөрөлгүй гээд эхний мөнгөө аваад үлдэгдэл 50 хувиа авч чадаагүй. Харин Хууль зүйн яам болон Мөрдөх албаны барилгын өргөтгөлийн зураг төсвийн ажлыг бүрэн дуусгаж, гүйцэтгэлээр 146.3 сая төгрөгийн санхүүжилт авсан “Тулга проект”, Хан-Уул дүүргийн иргэн, эрүүгийн 2-р тойргийн шүүх, прокурорын барилгын зураг төсөлд 594 сая төгрөг авсан “Балданс” ХХК-ууд ажлаа бүрэн дуусгаж Барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажуулан, санхүүжилтээ бүрэн авчээ.

Гэтэл “ИЗМ НЭГ” ХХК яагаад экс сайдаас хамгийн олон “ажлыг” авч шууд гэрээ гэгчээр эхний 50 хувийн хөрөнгө оруулалтуудаа авчихаад ямар хэмжээний газар дээр, хаана “зураг зурахаа” мэдэхээ байчихаад бизнес нь гацчихав гэдэг сонирхолтой байгаа биз. Үүнд тухайн компаниас илүү хэн, яагаад, ямар замаар хөрөнгө олгов гэдэг нь хариуцлагын асуудал болж таарч байна.

Дээрх компаниудтай, тэр дундаа дөрвөн төсөл арга хэмжээний ажил авсан “ИЗМ НЭГ” ХХК-тай байгуулсан гэрээг Шинэчлэлийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын зөвшөөрлөөр, захиалагч талыг төлөөлж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбаатар нар байгуулсан байдаг. Гүйцэтгэгч нь “ИЗМ НЭГ” ХХК-ийн захирал С.Амартүвшин.

Энэ хүмүүс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны 77 дугаар тушаалаар Хууль зүйн сайдыг эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд дээрх барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг боловсруулах  долоон төсөл арга хэмжээнд 2 тэрбум 599 сая 400 мянган төгрөг батлагдсан, энэ хөрөнгө Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Н.Батбаяр сайдын багцад багтсан учраас ЭЗХЯ, ХЗЯ хамтран хэрэгжүүлэхээр болсон учраас хамтран гарын үсэг зуржээ. Зөвшөөрөгч нь төсвийг захиран зарцуулагчийн хувьд Б.Шинэбаатар. Түүний цаана мэдээж “нууц ноён” бий. Тэр нь бараг илхэн төдийгүй, хуулийн салбарт бүтээн байгуулалт хийхэд ийм зоригтой, өгөөмөр хандаж, төрийн мөнгийг өөрийн мэт цацан хөрөнгө гаргаж өгсөн хүнд хууль үйлчлэх эсэх нь ч эргэлзээтэй. Үр дүнд нь зарлаагүй сонгон шалгаруулалт, түүнээс ялсан гуравхан компани, нэг нь буюу “ИЗМ НЭГ” үлэмж давуу эрх эдэлсэн ч үүргээ биелүүлээгүй. Яагаад гэвэл объект барих газраа “олоогүй”, олдох ч үгүй юм чинь. Гэтэл түүний зургийг зурна, ТЭЗҮ-ийг гаргана гээд нийт санхүүжилтийн талыг нь саадгүй авчихсан. Нөгөө хоёр нь үүргээ биелүүлээд, ажлаа шалгуулан, санхүүжилтээ аваад салсан байдаг.

Харамсалтай нь Хууль зүйн яам болон Мөрдөх албаны барилгын өргөтгөл, Баянзүрх дүүргийн иргэн, эрүүгийн 1-р тойргийн шүүх, прокурорын барилга, Чулуутын амны мөрдөн байцаах албаны сургалтын цогцолборын барилга баригдах нь гэж хүлээсэн Хууль зүйн яамныхан төсвөөсөө луйвардуулаад, түүнд хөрөнгө гаргаж өгсөн Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, нийтдээ улсын төсөв хохироод үлджээ. Энэ бүхнийг хэн ч хараагүй, мэдээгүй гэж бодохгүй байна. Ядаж л гарын үсэг зурсан хүмүүс, “бүүр цаад захиалагч” нартайгаа хамт хариуцлага тооцож, үүнийгээ татвар төлөгчдөд тайлагнах ёстой. Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө амжуулсан олон арван булхай луйврын нэг нь энэ байж болох ч үүнийг Хууль зүйн сайд асан, шударга үнэний шалгуур болсон, шуналгүй улстөрч гэж өөрийгөө сурталчилдаг Х.Тэмүүжинг хутгалдсан, тэр ч байтугай зохион байгуулсан байж магадгүй гэж даанч төсөөлсөнгүй явжээ.

С.Лантуу

Эх сурвалж:www.zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …