Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай
Нийгэмлэгийн Удирдагчдын уулзалтад оролцогчдод
Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдагчдын уулзалтад хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Гамшиг ба зөрчилдөөний үед хүмүүний шаналал зовлонг нимгэлэх, урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах уриан дор хүмүүнлэгийн бүхий л үйл ажиллагааг дэмжин туслах, дэлхийн энх тайван болон хүний эрхэм үнэ цэнийг хөхүүлэн дэмжихэд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний оруулж буй үнэтэй хувь нэмрийг Монгол Улсын төр, Улсын Их Хурал, ард иргэд байнга талархан сайшааж байдаг.
Бидний амьдарч буй дэлхий ертөнц хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж, хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, олныг хамарсан халдварт өвчин, хүчирхийлэл, урьд өмнө гарч байгаагүй байгалийн гамшиг, осол зэрэг шинэ бэрхшээл тулгарах боллоо.
Энэ цаг үед Зүүн Азийн Улаан загалмайн Үндэсний Нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэ санаа, шинэ арга барилыг хүмүүнлэгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, идэвхитэй хамтран ажиллах шаардлага бий болж байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болсон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь эх орондоо хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд төрдөө нэмэлт хүч болон ажилласаар ирсэн билээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн бодлого стратегийг идэвхитэй хэрэгжүүлж, болзошгүй осол аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, олон нийтийн хүч, нөөцийг дайчлах үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулах, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэг цаашид улам идэвхитэй ажиллан, хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлж, Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдагчдын уулзалт чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдагчдын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтад өндөр амжилт хүсье.
Хүмүүнлэгийн үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2015.06.23
Улаанбаатар хот