“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Улсын дээд шүүхийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, JICA-н Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч хатагтай Исой Михай, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд нар оролцов.
JICA-н “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөл нь Монголд 2010 оноос хойш таван жилийн хугацаатай, хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд төслийн хүрээнд 505 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгээд байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа JICA-н Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч хатагтай Исой Михай “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл Монгол Улсад маш амжилттай хэрэгжлээ. Бусад улс орнуудад хэрэгжүүлсэн төслүүдтэй харьцуулахад Монголд хэрэгжүүлсэн төсөл шиг үр дүнгээ өгч байхыг хараагүй юм. Энэхүү төслийн хоёрдугаар шат 2015 оны 12 дугаар сарын 15-нд дуусна. Бид төслийн бие даасан байдлыг дэмжих зургаан сарын хугацаа олгоно. Энэ төсөл дууссан ч цаашид Эвлэрүүлэн зуучлах чиглэлээр бидний хамтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна” гэв.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр “Энэхүү төслийн үр дүнд шүүхийн ачаалал багасч байгаа. Төсөл дууссан ч бидний цаашдын сайн харилцаа хэвээр үлдэнэ. Улсын дээд шүүх та бүхэнтэй цаашид ч хамтарч ажиллахдаа таатай байна. Энэхүү төслийг хийж, гүйцэтгэсэн ажлын хэсэг, төслийнхөнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Монгол Улсад эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг Иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд шүүхийн орон тооны 43 эвлэрүүлэн зуучлагч хэрэгжүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд 6717 өргөдөл хүлээн авч, үүнээс 5000 өргөдлийг шийдвэрлэснээс 3169 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр шүүхийн ачаалал 3,7 хувиар буурсан байна” гэлээ. Тэрээр Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл амжилттай хэрэгжсэнд хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, ач холбогдолтой чухал төсөл болохыг онцлоод цаашид хамтарч ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлэв. Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн дарга, шүүгч Д.Тунгалаг Эвлэрүүлэн зуучлах хуулийн тайлбар номыг санамж бичигт гарын үсэг зурсан талуудад бэлэглэж, дурсгалын зураг татуулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөлөө гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.