Нигери улс засгийн газраас хулгайлагдсан мөнгөө нөхөж олоход нь АНУ болон бусад орнууд туслахыг зөвшөөрсөн тухай ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдлээ. Тус улсын сан хөмрөг бүрэн хоосорсон гэдгийг шинэ ерөнхийлөгч зарласан юм. Тэрээр өмнөх засгийн газрын үед хулгайлагдсан олон тэрбум долларыг нөхөн олохыг уриалсан байна. Өнгөрөгч гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ноён Бухари тус улсын хамгийн том асуудал болоод байгаа авилга хээл хахуулийг зогсоож, хатуу арга хэмжээ авахаа амласан билээ. Нигери бол Африкийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч орон боловч түүнээс олох ашиг орлогын ихэнх хэсгийг эрх мэдэлтнүүд хулгайлж, авилга хээл хахууль хөгжсөн орон юм.
Ирэх гурван сарын хугацаанд Нигери улс бүх баримтыг дэлгэж, хулгайлагдсан санхүүжилтийг эргүүлэн олж авахад гадны улс орнууд бидэнд туслахаар болсон хэмээн ерөнхийлөгч Мухаммаду Бухари өгүүллээ.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn