УИХ-ын дарга БНСВУ-ын үндэсний ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

DSC_4053

Уулзалтын эхэнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Мөн тэрээр УИХ-ын дарга З.Энхболдод БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг дамжуулан, ойрын хугацаанд тус улсад айлчлал хийх урилга илгээснийг уламжилсан юм. Түүнчлэн  “БНСВУ болон Монгол Улс олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны 60 жилийн түүхт дипломат харилцааг шинэ шатанд гаргах, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна. 2014 онд болсон Олон Улсын Парламентын холбооны 132 дугаар чуулганд Монголын парламентын төлөөлөгчид оролцсон явдалд гүн талархал илэрхийлье” гэлээ.

DSC_4060

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын нөхцөл байдал, хөгжил дэвшилтэй танилцаад сэтгэгдэл өндөр байгааг тэрээр тэмдэглээд, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар болон улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын даргад танилцуулав. Тус улсын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6 хувьтай байдгийг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн онцлоод, цаашид Монгол Улстай эдийн засаг, бизнесийн харилцааг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт өргөжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Мөн хоёр орны харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэн, хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал бөгөөд БНСВУ болон Монгол Улсын парламентын гишүүд, Байнгын хорооны гишүүд болон парламентын бүлгийн гишүүдийн айлчлалыг тогтмолжуулах шаардлагатай хэмээн үзэж байна. Ирэх 2016 онд Монгол Улс АСЕМ-ын орнуудын уулзалтыг зохион байгуулах болсонд баяртай байна гээд БНСВУ олон улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг энэ дашрамд уламжилсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж ирсэн бөгөөд 2014 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн үзэж байна гэлээ. Мөн “Монгол Улс Зүүн өмнөд Азийн уламжлалт түнш Вьетнам Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан шинэ шатанд гаргах боломж байгаа бөгөөд хамтын ажиллагааг эдийн засагжуулахад хоёр тал хүчин чармайлт гаргаж хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

DSC_4068

Мөн 2 орны парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхтэй байгааг тэмдэглээд, 2015 оны 03 дугаар сард Ханой хотноо зохион байгуулагдсан Тамгын газрын нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар оролцсон. Тэр үеэрээ БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хань Фуктэй уулзаж, “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протокол”-ыг шинэчилж гарын үсэг зурсан.

Цаашид  ноён Хуинь Нгок Сөн таны хэлсэнчлэн, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, гишүүдийн харилцан солилцоог дэмжин ажиллана гэдэг итгэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд  УИХ-ын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, ажлын амжилт хүслээ.

DSC_4108

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …