Саудын Арабын тэрбумтан, Хунтайж Алвалид бин Талаль 32 тэрбумын хөрөнгийг хандивын үйл ажиллагаанд зориулахаа мэдэгдлээ. Өдгөө 60 настай Хунтайж Алвалид нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрээр 1997 онд Билл болон Мелинда Гейтс нарын хамтран байгуулсан “Gates” сангийн үйл ажиллагаанаас үлгэр жишээ авч ийнхүү хандив өргөхөөр шийдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүний хандивласан мөнгө соёл урлагийн мэдлэгийг дэмжих, эмэгтэйчүүдэд эрхийг нь эдлүүлэх, хор хөнөөл ихтэй гамшгийн тусламжийг санхүүжүүлэх болон бусад хэд хэдэн төрлийн тусламжийг үзүүлэхэд зориулагдах аж. Ноён Гейтс түүний энэ шийдвэрийг сайшааж, дэлхий дахинд тусламжийн үйл ажиллагаа эрхэлж буй бид бүхэнд маш том хүндэтгэл үзүүллээ хэмээн мэдэгджээ.
Хунтайж Алвалид нь Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 34-рт багтдаг юм. Хандивын үйл ажиллагаанд зориулах энэхүү мөнгийг тэрээр өөрийн Alwaleed Philanthrophies байгууллагаараа дамжуулан хэрэгтэй газарт нь хүргэх аж. Дашрамд дурдахад Хунтайж Алвалид уг хандивын байгууллагыг байгуулсан цагаасаа хойш нийт 3.5 тэрбум доллараар санхүүжүүлээд байгаа юм.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn