Удаан “дуншсан” хүүхэд харах үйлчилгээний талаар хууль батлагдлаа

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

DSC_4500Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ гээд хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг танилцууллаа. Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заасныг дуулгалаа.

 

DSC_4492Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах юм байна.

  • Тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Хүүхдийг ганцаар нь эсвэл 10 нас хүрээгүй хүүхдийн асрамжид үлдээх нь өрхийн аж байдлын түвшнээс хамааралтай, тухайлбал өрхийн аж байдлын түвшин доогуур байх тусам хүүхдээ насанд хүрсэн хүний хараа хяналтгүй гэрт нь үлдээх хандлагатай байна. Энэ нь эцэг эх нь ажил хийх, орлого олох хэрэгцээтэй холбоотой байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
  • Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байна.
  • Асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байна.
  • 12-24 сартай хүүхдүүд (47.8 %, 118) түлэгдэлт өвчинд илүү эрсдэлтэй байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь (208) нь гэртээ байж байхдаа түлэгджээ. Гэртээ химийн бодис болон галд түлэгдсэн 0-18 насны нийт хүүхдийн 44 хувь нь 4 хүртэл насны хүүхэд байна.

Эх үүсвэр: “Хүүхэд хөгжил-2010” Судалгааны тайлан 2010. ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхдийн осол гэмтлийн өнөөгийн байдал. Судалгааны тайлан 2007. НҮБ-ын Хүүхдийн сан.

Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан болно.

Хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл,  68 хэсэг, 10 заалттай бөгөөд дор дурдсан зүйлүүдээс бүрдэнэ.

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

2 дугаар зүйл.  Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4 дүгээр зүйл.  Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим

5 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагчид

6 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага

7 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт

8 дугаар зүйл.  Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл

9 дүгээр зүйл. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт

10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

11 дүгээр зүйл. Эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

12 дугаар зүйл. Хүүхэд харах төвийн эрх, үүрэг

13 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

түдгэлзүүлэх, хүчингүй болгох

14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

15 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт

16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

e8b7db0c3c460fd8478c253b95e9dfceХүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар “Хүүхэд харах үйлчилгээ” гэсэн хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын шинэ үйлчилгээ, тогтолцоо бий болгох   хууль, эрх зүйн таатай орчин бий болно.

Хүүхэд харах үйлчилгээ нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүд төрөөс хүүхэд бүрт олгож буй санхүүжилтийг адил тэгш боломжтойгоор хүртэх, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд  өсч торних, хөгжих, хүмүүжих боломжийг бий болгоно.

Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагчид тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болно.

Уг үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Хэрэв хүүхэд харах үйлчилгээнийн тухай хууль батлагдвал нэг хүүхдэд нэг сард хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдоно.

Энэхүү үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролд 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдана.

Хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр дараах үр дүн гарна гэж гэж үзэж байна:

  1. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 мянган хүүхдэд адил тэгш боломж бүрдэнэ.
  2. Эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болно.
  3. 8798 иргэн байнгын тогтвортой ажлын байртай болно.
  4. Төрийн ачаалал буурч, төсөвт хэмнэлт гарна.
  5. Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болно.
  6. Цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд л төрөөс санхүүгийн дэмжлэг авч, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чадахгүй байгаа тэгш бус тогтолцоо өөрчлөгдөж, 2-5 насны хүүхэд бүрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх шударга тогтолцоо бүрдэнэ .
  7. Сургуулийн өмнөх боловсролын эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржинэ.
  8. Хүүхэд бүрт хүрсэн үр дүнтэй арга, хэлбэрийг хөгжүүлнэ.
  9. Цэцэрлэгийн өнөөгийн хэтэрсэн ачааллыг бууруулна гэж үзэж байгаа аж.

Юутай ч удаан хүлээлгэсэн хууль батлагдлаа. Үр дүн ямар байхыг харах үлдлээ.

 

 

Г.Эрдэм

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …