Охидын зүрхэнд үлгэрийн гүнж оршдог

Эмэгтэй хүн бүрт өөрийг нь нандин, бусдаас өөр болгодог эрхэм чанарууд байдаг. Зарим бүсгүйчүүл тэр чанараа өөрийн нэрийн хуудас болгож, зарим нь тэр чанарынхаа тусламжтай амьдралаа залуурддаг.
Ялангуяа өсвөр насны охид тус тусын дотоод ертөнцөө урлан бүтээх ажлыг идэвхтэй хийдэг. Энэ нь ид үзэл бодол төлөвшиж эхэлдэгтэй холбоотой юм.

images

Цагаан морьтой ханхүүг мөрөөдөж, хааны цамхагт гоёмсог даашинзтай бүжихийг нууцхан хүсдэггүй эмэгтэй хүн үгүй. Тиймээс ч бид аль нэг байдлаараа үлгэрийн гүнж нартай адилхан.

Үнсгэлжин
Үзэсгэлэнт гүнж нараас хамгийн азтай, мөн хамгийн “овсгоотой” нь гэж хэлж болно. Тэр мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг бүсгүй. Гэртээ цэвэрлэгээ хийж байхдаа ч өөрийгөө ханхүүтэй бүжиглэж байгаагаар төсөөлөн суудаг байсан ба энэ мөрөөдлөө ч биелүүлж чадсан. Хойд ээжийн дарамтан дор байсан хормогчтой шивэгчин нэг өдрийн дотор л эрхэм дээдсийн гэр бүлд орчихдог нь азтай, сайхан хувь тавилантай болохыг нь илтгэдэг. Тэр хүслээ биелүүлэхийн тулд ханхүүгийн анхаарлыг танхимд байсан олон хатагтай нараас илүү татаж, ордныг яаруу сандруу орхихдоо ч шаахайгаа үлдээн, өөрийгөө хайлгах шалтгийг гаргаж амжсан бүтэлгүй харагддаг хэрнээ овжин бүсгүй. Үнсгэлжин шиг бүсгүйчүүд үргэлж хождог.

Цасан гоо
Гэнэн цайлган нь дэндсэн гүнж. Энэ зангаасаа болж анчныг дагаж төөрсөн нь багадаад, дараа нь хашралгүй эмгэн шулмасын занганд өртсөөр явдаг. Мөн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцдэггүй. Өөрөөр хэлвэл тэр их дөлгөөн, хүний үгээр эмэгтэй юм. Сайхан сэтгэлтэй, тусч, бусдыг үргэлж өрөвдөж хайрладаг нэгэн. Цасан гоо шиг охид үргэлж өөртөө төвөг удах зүйлсийг хийж байдаг. Хүний гуйлтанд үгүй гэж хэлж чаддаггүй. Түүний энэ занг хүмүүс ашиглах нь элбэг. Гэвч тэр гэм хоргүй. Бусдад нэр сайтай, сайн “гүнж” байдаг.

Ариел
Хүсэл тэмүүллийнхээ төлөө яахаас ч буцахгүй гүнж. Дурласан эрийнхээ төлөө лусын дагинын амьдралаас татгалзаж, өөрийгөө аюулд унагадаг. Хэт амбицтай. Зөвхөн хайр сэтгэлд ч биш, бүхий л талбарт энэ шинж нь давамгайлдаг. Түүнийг гэрлэх нь баталгаагүй залуугийн төлөө мөрөөдлийнхөө ажлаас татгалзаж байгаа эмэгтэйтэй адилтгаж болно. Үлгэрийн гүнж нараас тэр ганцаараа золгүй төгсдөг. Дурлалд сохорсноос болоод сүүлдээ өөрөө “хөөс” болон замхардаг шүү дээ. Гэр бүлээ хайр сэтгэлийнхээ дараа тавьж буруу сонголт хийдэг. Гэвч түүнд авууштай чанар олон бий. Үнэнч, нийтэч, гадаад төрхөөрөө үлгэр жишээ.

Мулан
Хамгийн эршүүд гүнж. Гэвч тэр шаардлагатай тохиолдолд эмэгтэйлэг ч болж чаддаг. Түүнд ёс журам, дэг жаяг таалагддаггүй. Хаана ч өөрийнхөөрөө л байхыг эрмэлздэг. Нэгэнт шийдсэн зорилгынхоо төлөө ямар ч хуулийг зөрчихөд бэлэн. Ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй”. Дайчин мэт харагдавч түүний дотор бүрэг, нэрэлхүү зан нуугдаж байдаг. Хэнтэй ч эв зүйгээ амархан олдог, хүнтэй гэрлэвэл сайн эзэгтэй, эхнэр байж чадна. Хүнд муу санадаггүй, бүх бие сэтгэлээ зориулж чаддаг. Мулан шиг эмэгтэйчүүд амар тайван амьдарна.

Жасмин
Ордны ёсорхуу мөртлөө эрх чөлөөг нь боогдуулсан байдлаас залхсан жирийн амьдралыг эрэгч гүнж. Түүний амьдралын бүх сонголт өөрийнх нь хүслээс гажууд байсаар ирсэн. Хэн нэгний төлөөх амьдралд дургүйлхэж, амар тайван өөрийнхөө тааваар амьдрахыг мөрөөддөг.
Түүнд “Ордон”-оос гадуурх ертөнц аюултай боловч илүү адал явдалтай, жаргалтай харагддаг. Гэвч тэнд дасан зохицож чадахгүй гэдгээ тэд мэддэггүй. Материаллаг хөрөнгөнд шунадаггүй. Учир нь энэ түүнд тийм ч сонин биш. Сэтгэлийн хүлээсээ тайлахыг юу юунаас илүү хүсдэг ийм охид нэг талаараа уйдамхай байх нь элбэг.

Белл
“Араатан ба үзэсгэлэнт хатагтай”-н гүнж Белл. Тэр сайхан царай зүс, элбэг хангалуун байдлаас илүүтэй хүний дотоод сэтгэлд орших гэрэл гэгээг олж харахыг эрмэлздэг нэгэн. Жинхэнэ сэтгэлээрээ бүсгүй. Зүрхээ үргэлж чагнаж, зөн совиндоо итгэдэг. Хүн бүртэй эелдэг харьцдаг ба үргэлж инээмсэглэлээр хүрээлүүлж байдаг. Түүнд муу санагчид, атаархагчид олон. Гэвч тэр сайхан сэтгэлээрээ бамбай хийдэг. Хэтэрхий царайлаг, эсвэл донжтой залуус түүнд таалагддаггүй. Харин цаанаа л нэг нүдэнд дулаахан, аятайхан эрчүүдийг сонирхдог. Түүнтэй ярилцахад маш хялбар байдаг.

Уншигч та аль гүнжтэй нь илүү адилхан байна вэ? Сэтгэгдлээ хуваалцаж, энэ нийтлэлд нэмэрлэх гүнжийн талаар ч бичсэн болно шүү дээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …