Хөтлөгч нь уйлаад байвал Одноогийн ток шоу, зочин нь уйлаад байвал Монгол тулгатны 100 эрхэм, аль аль нь уйлахгүй бол Нандиагийн ток шоу хэмээх хошигнол бий. Цэнгээнт нэвтрүүлэггүй болж үзэгчдийг уйдааж байсан телевизийн салбарт шинэ хувьсал хийсэн шоу бол мэдээж Нандиагийн ток шоу.
Нийгмийн янз бүрийн салбарын олон зочны яриаг үзэгч түмэндээ хүргэж байсан Нандиа 9 жил ажилласан NTV телевизээсээ өрх тусгаарлажээ. Илүү том зорилго өвөрлөх болсон тэрээр өөр салбарт хүч үзэхээр болсон байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Есөн жил овоглосон NTV телевизээсээ гарч байна. Надад мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон NTV телевиздээ маш их баярлалаа. Намайг дэмждэг уран бүтээлч найз нартаа баярлалаа. Та бүхний тусламж дэмжлэгээр Нандиагийн ток шоу үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болж чадсан шүү. Амьдралын минь 9-н жилийн түүх яах аргагүй энэ телевизтэй холбоотой. Та бүхний ачаар би, илүү өргөн замаар, илүү өөртөө итгэлтэйгээр, илүү том зорилго өвөрлөн алхаж байна. Амжилт хүсье та нартаа. Хайртай шүү” хэмээн бичиж нийтэлжээ.
эх сурвалж: undesten.mn