Монгол Улсын Их Хурлын чуулганы 07 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, олон улсын жишиг, Монгол Улсын олон улсын гэрээ, болон үндэсний зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан, мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал, осол, хэрэг, зөрчил ихэссэнтэй холбоотой үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг улс орны эрх ашиг, нийгмийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон удаа дараагийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл, заалт хүчингүй болж хамрах хүрээ нь багассан, 1999 оны өөрчлөлтөөр хүчингүй болсон зүйл, заалтууд 2001 оны хуулиар буцаан сэргээгдэж, 2008 оны хуулиар зарим нь дахин хүчингүй болсон зэргээр хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрсэн, түүнчлэн хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс тус хуулийг шинэчлэн найруулахаар төслийг боловсруулсан байна.
Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.
2013 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 17848 буюу 97,2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс,
475 буюу 2,6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс,
44 хувь буюу 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байна.
2013 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 8 тэрбум 497,9 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн 25-40 насны эрэгтэйчүүдүүдийн тоо энэ насны эмэгтэйчүүдээс 3 дахин их байна.
Улсын хэмжээнд 2014 онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 26,5 хувиар, гэмтсэн хүний тоо 8,0 хувиар өсчээ.
Иймээс ОХУ, БНХАУ, Финлянд, Австрали, Япон, Франц зэрэг орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлж, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн саналыг тусган, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
Хууль нь 7 бүлэг 55 зүйлээс бүрджээ.
Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт болон нэр томьёог оновчтой байх, нэгдсэн ойлголтод оруулах үүднээс шинээр тодорхойлно.
Хоёрдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймаг, нийслэл сум дүүргийн Засаг даргын болон Цагдаагийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалтыг хангана.
Гуравдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын хөдөлгөөнд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлно.
Дөрөвдүгээр бүлэгт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрх олгох, олон улсын жолоочийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, сэргээх үндэслэл зэргийг тусгана.
Тавдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн шаардлага, замын барилга, байгууламж төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага, замын хөдөлгөөнийг зохион байгуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага, тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, борлуулахад тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага, тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцох асуудлыг зохицуулна.
Зургадугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлагыг тогтооно.
Долоодугаар бүлэгт хууль хүчин төгөлдөр болох асуудлыг зохицуулахаар тусгагдсан байна.
Шинээр батлагдсан энэхүү хууль нь өмнөх хуулиасаа чанга бөгөөд хариуцлага алдсан жолоочийн хүлээх хариуцлага өндөрсөж байгаа юм.
Тухайлбал гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан байна.
Анх удаа согтуугаар машин жолоодвол 10000-аар торгодог байсныг 400000 болгож, давтвал 800000 торгож шоронд хорих, эрхийг 3 жил хүртэл хасахаар тусгагдсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд шинээр тусгагдсан зарим зүйл заалтаас уншигч та бүхэндээ товч танилцуулья.
-Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс хамгаалахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх бөгөөд 10 наснаас доог настай хүүхдийг заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна.
-Согтуугаар жолоо барьсан бол хоёр жилээр эрхийг нь хасах, нэг сая төгрөгөөр торгох асуудлыг оруулжээ. Хоёр дахь удаагаа согтуугаар машин баривал гурван жилээр эрхээ хасуулаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх юм.
-Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
-Тээврийн хэрэгсэл жолоодохдоо хамгаалалтын бүс хийгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн таван хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна.
Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулах юм.
Гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.
Г.Туяа
Undesten.mn