Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар хоёр хоногийн өмнө эхэлсэн. Харин маргааш хязаалан, шүдлн насны хүлэг Хүй мандалын дэвжээн дээр тоосоо өргөнө. Ийнхүү баяр цэнгэл наадам эхлээд байгаа өнөө үед Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаярын маргаан намжихгүй байна. Уг нь өчигдөр МҮБХ-ныхон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргана. Эрэмбэ нь ч тэгж таарч байгаа” гэж эцэслэхийг хичээсэн. Гэвч дээрх хурлын дараа А.Сүхбат “Би эрэмбээрээ л барилдана. Хэрвээ намайг нөгөөдөр эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд зүүн талын тэргүүн магнайд гаргахгүй бол би яаж магадгүй шүү. Өнөө цагт хүч үзэж байгаа бөхчүүдээс хамгийн эрэмбэ өндөртэй нь би. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат ид үедээ баяр наадмын нэгийн даваа эхлэх үед зүүний магнайд гарахгүй алга болчихоод төрийн тэргүүнээс “эрүүний шөл уухдаа” “Ард түмэн таныг биш намайг харах гэж ирсэн болохоор хэчнээн удсан ч хүлээж л таарна” гэж ханхалзсан гэдэг. Түүн шиг намайг зүүний магнайд гарсны цагт ард түмэн наадмаа эхлүүл гэж хашгарах байлгүй” гэсэн юм. Тэгэхээр хэрвээ түүнийг зүүний магнайд гаргахгүй бол үзэгч, баяр наадам зохион байгуулах комисс хоёрын дунд ч халуухан юм болж магадгүй бололтой.
Б.Бодол
www.zone.mn