Төрийн албаны тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс хойших хуралдаанТөрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхлэв.

DSC_6215Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлд дурдагдсанаар, Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж,өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь төрийн албаны эрх зүйг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон.

DSC_6213Төрийн албаны тухай хууль боловсронгуй болсон хэдий ч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдогоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр ирсэн юм. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн, “бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх” гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг бодит байдал бий болсон. Төрийн албыг цаашид олон улсын жишигт нийцүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого шийдвэрийг оновчтой болгоход зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай юм. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэж байгаа гэв.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

DSC_6216Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, төрийн албаны шинэчлэлийн асуудлыг Улсын Их Хурал дээр харьцангуй цаг алдаж хэлэлцэж байгаа ч ирэх намрын чуулганд багтааж гаргах хэрэгтэй. Асуудлын гол нь байгаа хуулийг зориудаар завхруулж улс төрийн үүднээс хуулийг хууль биш болгож байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол анхаарах асуудал бол төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах асуудал. Үүнийг бараг улс төрч бүр ярьдаг ч бодит байдал дээр эсрэгээрээ хэрэгжүүлдэг. Иймд төрийн албыг улс төрөөс хараат бус байлгахын тулд төрийн албыг завхруулж байгаа тухайн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг дээд зэргээр хангах хэрэгтэй. Энэ асуудлыг хуулийн төсөлд оруулж ирсэн байна гэж харж байгаа. Улс төржих зарим хуулийн цоорхой байдаг. Жишээ нь, бүтцийн өөрчлөлт хийж байгаа нэрийдлээр тухайн яам, агентлагийн олон жил тогтвортой, мэргэшсэн төрийн албан хаагчдыг халдаг, өөрчилдөг практик жирийн үзэгдэл болсон. Тиймээс хуулийн зүгээс далим болгох боломж олгохгүй байх тал дээр анхаарах ёстой. Энэ чиглэлээр хуулийн төслийг хэлэлцэх явцад сайжруулах зүйлүүд харагдаж байгаа тул хуулийн төслийг хэлэлцэх явцад тунгалаг, иргэний төлөө үйлчилдэг, ухаалаг төрийн албыг бүрдүүлэхийн төлөө бодитой хандах хэрэгтэй. Ингэхгүй бол 2016 оны сонгуулийн дараа мөн л байдал хэвээр үргэлжлэх болно гэдгийг хэлсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 80.6 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар танилцуулав.

Хуулийн төсөлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монголбанкнаас гаргасан үнэт цаас” гэсний дараа “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэж нэмэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Монголбанкны үнэт цаас худалдан авах” гэснийг “Монголбанкнаас гаргасан үнэт цаас болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах” гэж өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан гишүүдийн асуулт, тодруулгад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон ажлын хэсгээс хариулт өглөө. Ингээд Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд ийн олонх дэмжлээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …