Эрчүүдэд: Арьсны эрүүл ахуй

att1066791Арьс бол хүний хамгийн том эрхтэн юм. Үүнээс гадна арьс байнга гадна орчинтой харьцдаг. Хүний биеийн жингийн 16 орчим хувийг арьс эзэлнэ. Нэг см шоо дөрвөлжин арьсанд 600 орчим хөлсний булчирхай, 100 тосны булчирхай, 60 орчим үс, 20 цусны судал, тоолохын аргагүй мэдрэлийн төгсгөлүүд байдаг. Арьс нь өөрөө өөрийгөө шинэчилж, нөхөн сэргээдэг, сунамхай, усыг шингээдэг эрхтэн.

Арьс нь үндсэн гурван давхаргатай.

Гадна нимгэн давхарга болох эпидермис бол арьсанд үзүүлэх гаднын хатуу хөтүү хүчин зүйлс (нар, салхи гэх мэт)-тэй шууд нүүр тулдаг. Эпидермисийн өнгөн дээд хэсэг үхсэн эсүүдээс тогтох ба хөгшин, үхсэн эсүүдээ гуужуулж, шингэн залуу эсээр сольдог маш тэсвэртэй, ус нэвтэрдэггүй давхарга юм.

Дараагийн давхарга болох дермис бол хамгийн зузаан давхарга бөгөөд арьсыг тэжээлийн нөөцөөр хангах үүрэгтэй коллаген хэмээх фибриозлог тогтоцтой байдаг. Үүнээс гадна үсний хүүдийн уутанцар, хөлс тосны булчирхайнууд мэдрэл, цусны судлууд, өөх тосыг агуулна.

Гуравдах давхарга бол өөхний эсүүдээс бүтсэн давхарга болно.

Хүний гадаад төрх эрүүл мэндийн нэг үзүүлэлт мөн. Биеийн дотоод шүүрлийн булчирхай, ходоод, гэдэсний үйл ажиллагаа, бодисын солилцооны өөрчлөлтүүд, сэтгэцийн хямрал, шаналгаа нь нүүрний арьсанд нөлөөлж, эрт хөгшрөх нөхцлийг бүрдүүлж, арьс атиран нугалаатаж, хөлс тосны үйл ажиллагаа суларч хүний жавхаалаг байдал алдагдах шалтгаан болдог.

Батга

Батга бол арьсны өвчин юм. Батга үүсэх шалтгаан олон янз бөгөөд стресс, буруу хооллолт, дааврын өөрчлөлт, хоол боловсруулах эрхтний хямрал, арьсны өвчин, арьсны онцлог байдлаас жишээ нь тослог хэт хуурай эмзэг гэх мэтээс үүдэн арьс бохирдох, цочирдсонтой холбоотой.

Дээрх шалтгааны улмаас тосны булчирхайн тэнцвэрт байдал алдагдаж тос ихээр ялгарч, арьс бохирдох ба бохир, тослог ихтэй арьсан дээр идээлүүлэгч янз бүрийн нян үржиж батгыг үүсгэнэ.

Хэрвээ арьсыг энэ үед буруу арчлах болон арчлахгүй байх аваас батга улам даамжирдаг. Тиймээс батгатай нүүрнээс салах гол арга зам бол шалтгааныг олж тогтоон арилгах явдал юм.

Арьсны хамгийн зөв арчилгаа бол ямар нэгэн үнэтэй тос, түрхлэг бус сайн амралт+өглөө оройд бага зэрэг савантай цэвэр усаар сайтар угааж байх юм.

Мөн батганаас сэргийлэхэд цэнгэг агаарт зугаалах, нээлттэй цонхтой агааржуулсан байранд унтах, өглөөний дасгал хийх нь эерэг сайн нөлөөтэй.

Хэрэв батгыг эрт эмчлүүлэхгүй бол арьсан дээр нүх, сүв, сорви согог үлдэж насан турш зовлон болдог. Хувийн ариун цэвэр сайтай гар нүүрний алчуур, сам, сойз, хумс, сахлын хутга зэргийг сольж хэрэглэхгүй зөвхөн өөртөө хэрэглэдэг байх ёстой. Батга үүсэх нь хувийн ариун цэвэр муугаас үүсэх нь олонтаа. Эрчүүд заримдаа бохир гараараа батгаа шахдаг. Ингэснээс идээлж, ноцтой үрэвсэн, батгыг анагаахад хүндрэл учирдаг талтай.

Батгатай бол өдөрт нүүрээ хэдэн удаа угаах вэ?

Ер нь ганцхан нүүр биш батга гарч болох биеийн бүх хэсгүүд нуруу, цээж зэргийг өдөрт хоёр удаа өглөө, орой савандаж бүлээн усаар угаана. Нүүрний арьс тослог ихтэй бол өдөрт гурван удаа угааж болно.

Үүний дараа заавал нүүр цэвэрлэгч шингэнээр цэвэрлэж, чийгшүүлэх шингэн түрхэнэ.

Боломжтой бол өдөр бүр усанд ор. Батга нуруун дээр их гардаг учраас сайн угаах хэрэгтэй. Харин биет идээт батга гарвал халдварыг тараах аюултай тул сойз ашиглахгүй байх нь зөв. Хэт халуун усаар угаах нь тосны булчирхайн нүхийг улам онгойлгож тос ялгаруулалтыг ихэсдэгийг анхаараарай. Батгатай нүүрэнд спирт агуулсан нүүрний цэвэрлэгч сайн байдаг.

Батгатай хүмүүс өөх тос ихтэй хоол унд, архи, тамхи, чихэр шоколад, хэт шарсан, хайрсан, хоносон хоолноос хол байх нь зүйтэй. Өлөн элгэн дээрээ сайтар буцалсан хүйтэн ус уух, долоо хоногт нэг удаа мацаг барих, жимс ногоо, тос багатай цагаан идээ ахиу хэрэглэхийг хичээгээрэй.

Ер нь хоол боловсруулах замын бүх хямрал нь арьсанд муугаар нөлөөлдөг. Жишээ нь өтгөн хатаад хоёр хоноход батга ихсэж, хамар тосолсон юм шиг болно.

Иймээс ходоод гэдэсний аливаа өвчнийг даруй эмчлэх нь чухал.

Сайн амралт гэж юу вэ?

Цэвэр агаарт гарах, тайван нойрсох, амгалан тайван стрессгүй байхыг сайн амралт гэнэ. Сайн амралт хүний бүхий л биемахбодыг сэргээн тэнхрүүлж дархлааг сайжруулдаг.

Арьсны цэвэрлэгээ

Гоо сайхан, эрүүл цагаан царайтай байх нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эмэгтэйчүүд цэвэрч, эрүүл сайхан царайг илүүд үздэг учраас эрчүүд эсрэг хүйсийнхэндээ таалагдаж, тэдний таашаалыг төрүүлье гэвэл цэвэрхэн сайхан арьстай байх ёстой. Хотжилт, бохирдолт, хорт зуршил, стресс гэх мэтээс үүдэн эрчүүдэд батгаших, нүүр царай үрчлээтэж харлах үзэгдэл их байдаг.

Ялангуяа монголын нөхцөлд эрчүүдийн нийгмийн үүрэг рольтой ч, ажлын нөхцөлтэй ч холбоотой харлаж, өнгө алдах нь бий. Энэ бол сэргийлэхийн аргагүй хэцүү асуудал биш юм. Харин ч арчилж хамгаалахгүй байснаас арьсны элдэв эмгэг, хавдар, элдэв харшил үүсэх муу үр дагавартай.

Арьсыг хамгийн сайн цэвэрлэдэг зүйл бол хөлрөх юм. Хүний хөлсөөр арьсанд байх бүх муу муухай, илүүдэл тос өөх, нян ялгарч гардаг. Иймээс та дасгал хийж эсвэл уур саунд сууж аль нэг аргыг сонгож хөлөрвөл арьс тэр даруй өнгөлөг толигор болохыг мэдэрнэ.

Гэхдээ хэрвээ та нэг сумаар хоёр туулай гэдэг шиг дасгал хийж хөлрөх аваас таны биемахбодод сэтгэл санааг сэргээх, залуужуулах өсөлтийн даавар ялгарахын зэрэгцээ арьс тань цэвэрших давуу талтай.

Нүүр сэвхтэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Нүүрний сэвх төрөлхийн олдмол гэж байдаг. Олдмол сэвх нь ходоод гэдэс, элэг цөс, эмэгтэйчүүдэд өндгөвчний архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой ба гадна хавар зуны улиралд арьсны ил гарах хэсгээр нарны туяаны нөлөөллөөр нөсөөжилт ихсэж сэвхтдэг.

Иймээс олдмол сэвх үүсэхээс сэргийлэхийн тулд нарны туяанаас хамгаалж бүрх малгай өмсөх, сэвхийг гуужуулах, цайруулах зорилгоор тараг, хоормог, цөцгийн тос, шар ус, өргөст хэмхийн шүүсийг нүүрэндээ түрхэхээс гадна ходоод гэдэс, цөсний өвчнийг бүрэн эмчлүүлж, цагаан хоолыг голчлон идэх хэрэгтэй.

Нарны туяа яагаад арьсанд хортой вэ?

Нарны туяа нь арьсны хорт хавдарыг үүсэхэд гол нөлөө үзүүлдэг. Учир нь нарны туяаны бүтцэнд хэт ягаан туяа, УВ цацраг агуулагдах тул арьсыг гэмтээдэг. УВ цацрагт хэсэгхэн хугацаанд хамгаалалтгүй байхад арьс хордох, түлэгдэх бөгөөд харин байнга хамгаалалтгүй байснаар арьсны хорт хавдар үүсдэг.

Арьсаа нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Нарнаас арьсаа хамгаалахын тулд дараах зааварчилгааг дагах хэрэгтэй.

-Өглөөний 12 цагаас оройн 4 цагийн хооронд нарны туяа маш хурц байдаг тул арьсны хамгаалалттай байхаас гадна аль болох богино хугацаатай гарч байвал зохино.

-Наранд гарахдаа урт ханцуйтай цамц, урт өмд, нарнаас хамгаалсан сүүдрэвчтэй малгай өмсөхийг зөвлөж байна. Хувцас нь хөвөн даавуун материалаар хийгдсэн байна.

-Малгай аль болох өргөн бөгөөд бүх тал руугаа саравчтай байвал нүүр хүзүүг бүрэн хамгаалж чадна.

-Нарнаас хамгаалах шил зүүж байх хэрэгтэй.

А.Тамир

ugluu-logo

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …