Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадам дэлхийн чимээг донсолгон, дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадамд 512 хүчтэн зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос бөх сонирхогч, наадамчин олны таамаг эвдсэн олон сайхан барилдаан гарлаа.
Энэ жилийн наадмаар 7 начин шинээр төрсөн бол 2 харцага цолтон нэмэгдлээ.
Энэ жилийн наадмын шөвгийн наймд:
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын гарьд Н.Ганбаатар
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын заан Ч.Санжаадамба
Улсын харцага Ц.Содномдорж
Улсын харцага Э.Оюунболд
Улсын начин Н.Батзаяа
Аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар шалгаран үлдсэн бол их шөвөг буюу шөвгийн 4-т Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ч.Санжаадамба нар их шөвөгт шалгаран үлдсэн юм.
Тэгвэл 512 хүчтэнээс шалгаран үлдэж төрийн наадмын дэвжээнд үзүүр түрүү булаалдан үлдэхээр улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Э.Оюунболд нар шалгаран үлдэж үзэгч түмнээ өндөлзүүлэн байж энэ жилийн наадмын түрүү бөх тодорсон юм.
22 насандаа улсын харцага цолноос шууд алгасан энэ жилийн наадмаар түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунтөгс тодорч “улсын арслан” цолны болзол хангалаа.
2013 онд буюу одоогоос 2 жилийн өмнө 20 настай хан Хэнтий нутгийн хүү аймгийн арслан цолтой төрийн наадмын дэвжээнд зодоглоод шууд харцага цол хүртсэн нь улсын харцага Э.Оюунболд юм.
Тэгвэл энэ жилийн наадмаар одтой сайхан барилдан
1-ийн даваанд залуу бөх С.Алтангэрэлээр
2-ын даваанд аймгийн харцага Б.Доржсүрэнгээр
3-ын даваанд улсын начин П.Ганхүүгээр
4-ын даваанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатараар
5-ын даваанд аймгийн арслан М.Бадарчаар
6-ын даваанд аймгийн арслан Э.Дашаар
7-ын даваанд улсын харцага Ц.Содномдоржоор
8-ын даваанд улсын гарьд Б.Гончигдамбаар
9-ын даваанд улсын П.Бүрэнтөгсөөр тус тус давж ийнхүү Монгол Улсын арслан цол хүртлээ.
Тэгвэл энэ жилийн наадамд 8 давж үзүүрлэсэн Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс:
1-ийн даваанд залуу бөх Ц.Угтахбаяраар
2-ын даваанд сумын заан С.Жанчивдоржоор
3-ын даваанд аймгийн арслан Р.Дамдингаар
4-ын даваанд аймгийн арслан М.Еркебуланаар
5-ын даваанд аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар
6-ын даваанд аймгийн арслан А.Алтанхуягаар
7-ын даваанд улсын начин Н.Батзаяагаар
8-ын даваанд улсын заан Ч.Санжаадамбаар тус тус давж улсын арслан цолоо баталлаа.
Ийнхүү морь нь хурдтай, сум нь мэргэн, бөхчүүд нь хүчтэй байж дэлхийд ганцхан монгол наадамдаа дээлтэй түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Г.Эрдэм