36 цагийн амаргүй аян зам дуусч Куарида, Рабеа, Кийра, Парадайс хэмээх тахийн гүүнүүдийг 07 сарын 05-эд Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу оруулан нутагшуулав. Ийнхүү Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн БНЧУ-ын армитай хамтран нийт 19 тахийг тээвэрлэн авчраад байна. Энэ жилийн тээвэрлэлт нэлээд хүндрэлтэй байсан ч эцэст нь амжилттай боллоо. “Энэ жилийн зэрлэг адууг нутагшуулалтын хувьд Чехэд их халуун байсан болон Монголд ихээхэн бороо орсны улмаас түвэгтэй болж бараг 100 км зам илүү тойрч явах шаардлагатай болсон” хэмээн зэрлэг адууг Монголд эргүүлэн нутагшуулах төслийн санаачлагч Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк хэлж байлаа. Дараагийн бас нэг хүндрэл бол нислэгийн явцад маллагч эмэгтэйд Рабеа гүүний учруулсан бага зэргийн гэмтлээс үүдэн тээвэрлэлт хэдэн цагаар уртассан явдал юм.
1960-аад оны сүүлчээр онгон байгалаасаа устаж үгүй болж байсан Пржевалскийн адуу буюу тахийг аврах үйлст Прагийн амьтны хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэж сүүлийн зууны төгсгөлөөс эхлэн эргүүлэн нутагшуулах үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Прагийн амьтны хүрээлэн дэлхийн тахийн гарал үүслийн бичгийг хөтлөн явуулдаг бөгөөд 2011 оноос эхлэн Монгол улс руу тахь тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөг хүртэл тээвэрлэгдэн ирсэн гүүнүүдээс арван унага төрж өссөн байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад нутагшиж байгаа тахийн тоо толгой 500 орчимд хүрсэн бөгөөд үүний 137 нь сүүлийн 4 тээвэрлэлт хийгдсэн Говийн Б бүсэд нутагшиж байна.
Энэ жил доорхи 4 гүүг тээвэрлэн авчрав. Үүнд:
- Куарида – 2012 оны 8 сарын 10 –нд Хара гүү болон Лен азарганы унага болон мэндэлсэн /Прага хотын амьтны хүрэээлэнд төрсөн 218 дахь унага/
- Рабеа – Лейпциг хотын амьтны хүрээлэнд 2009 оны 9 сарын 14-нд төрсөн
- Кийра – Унгар улсын үндэсний парк Хортобагт 2008 оны 8 сарын 6-нд төрсөн
- Парадайс – Парис хотын амьтны хүрээлэнд 2009 оны 5 сарын 25-нд төрсөн.
2015 оны тээвэрлэлтийн үйл ажиллагаанд БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга ноён Хинэк Кмоничек оролцсон бөгөөд тэрээр “Морь бол Монголын сүр сүлд. Зэрлэг адууг Монголд эргүүлэн нутагшуулснаар Говьд өөрийнх нь хэсэг сүлд хийморийг нь буцаан өгч байгаа юм. Прагийн амьтны хүрээлэнгийнхний болон чехийн армийн нисэгчдийн ачаар энд бид хойч үедээ хамгийн сайхан харилцааны нэгэн зүйлийг үлдээж байгаа явдал билээ” хэмээн хэлсэн үгэндээ дурьдсан юм.
Прагийн амьтны хүрээлэнд тахийг маллах болон эргэн нутагшуулах талаар хэрхэн ажиллаж ирсэн түүхийн талаар Та бүхэн www.zoopraha.cz/prevalaci a www.facebook.com/prevalaci. хаягнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.