Энэ жилийн улсын наадам сонин содон барилдаан ихтэй сайхан болж өнгөрлөө. Бөх сонирхогчдын наадмын тааврыг эрс өөрчилсөн барилдаанууд ч гарсан. Эдгээр барилдаанаас онцлон тавын давааны барилдаан болох дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин Н.Батзаяа нарын барилдаан өнөөдөр ч гэсэн Монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Дархан аваргыг “нэг барилдаанд 3 удаа давсан” Батзаяа начин, унасан атлаа унаагүй гэж зөрүүдлэн дахин барилдсан Өсөхөө аварга, унасан аваргыг унаагүйд тооцон дахин дахин барилдуулж, аваргад “тал зассан” хөлийн цэцийн тухай яриа дараа жилийн наадам болтол үргэлжлэх нь тодорхой боллоо. Тавын даваанд Өсөхөө аваргын “дуулиантай” давсан Батзаяа начин зургаагийн даваанд Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулан Улсын харцага цолны болзол хангасан.
Ийнхүү энэ жил Ховд аймгаас 4 дэх Улсын харцага цолтон төрж, нутаг ус, ард олноо баярлуулсан сайхан үйл явдал болсон.
Улсын цолонд хүрсэн бөхчүүдээ тухайн аймаг сумын удирдлага, Нутгийн зөвлөлүүд нь талархал илэрхийлэн шагнаж урамшуулдаг уламжлал байдаг. Энэ уламжлалын дагуу өчигдөр Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал шинэхэн Улсын харцага Н.Батзаяаг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амжилттай сайн барилдаж, Улсын харцага цолны болзол хангасанд нь баяр хүргэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, мэргэжлийн морин хуур гардуулан, нэг өрөө байраар шагнаж урамшууллаа.
Дашрамд дурьдахад Барилга угсралтын “Сүмбэр цамхаг” ХХК нь нийслэл Улаанбаатар хотыг барилгажуулах үйл хэрэгт идэвхтэй оролцон өнгөрсөн жил 217 айлын орон сууцыг барьж хэрэглэгчидэд хүлээлгэн өгсөн бол энэ жил буюу ирэх 11 сард 400 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа хөдөлмөрч, хичээнгүй хамт олон юм байна. “Сүмбэр цамхаг” ХХК-ий хамт олны зүгээс Улсын харцага Н.Батзаяад энэ оны 11 сард ашиглалтанд орох орон сууцнаас 1 өрөө байрыг гал тогооны тавилга хийлгэх эрхийн хамт ийнхүү гардууллаа.
Энэ үеэр Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Галбадрал хэлсэн үгэндээ: “Шинэ харцага маань цаашид цолоо батлахын зэрэгцээ улам бүр улам бүр ахиулан амжилттай сайн барилдаарай” гэсэн бол Улсын харцага Н.Батзаяа: “Нутгийнхаа дүүд талархал илэрхийлье, та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүйг хичээж, бэлтгэлээ сайн базааж барилдах болно” гэлээ.
Ийнхүү энэ жилийн улсын баяр наадмаас Ховд аймгаас төрсөн Улсын харцагад анхны шагналыг Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал гардууллаа.
Ц.Мөнх