-Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээд авга дүү нь байжээ-
Нэг гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан талаар манай сайт мэдээлсэн. Манай сурвалжлах групп өчигдөр эл хэргийг нэхэн сурвалжлахаар Сэргэлэн сумыг зорьсон юм. Улаанбаатараас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл 50 орчим км зайтай аж. Биднийг өчигдөр 11:00 цагийн үед сумын төвд очиход хөл хөдөлгөөн багатай байв. Малаа бэлчээж буй 30 орчим насны эрэгтэйгээс хэргийн талаар асуухад “Тийм хэрэг гарсан гэсэн. Гэхдээ манай энд биш, нэлээд зайтай юм гэнэ лээ” гэв. Мөн замд тааралдсан сумын хоёр иргэнээс асуухад мөнөөх эрэгтэйн өгсөн мэдээллийг л өгч байв. Тиймээс бид тус сумын Цагдаагийн хэлтсээс мэдээлэл авахаар очсон юм.
Тус хэлтсийн хоёр цагдаагийн алба хаагч “Сэжигтнүүдийг саатуулсан байгаа. Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийн талаар мэдээлэл авч болно. Шалгагдаж байгаа хэрэг учраас бидний зүгээс мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн ямар нэгэн зүйл хэлэхээс цааргаллаа.