– Зурагтаар сурталчилж байгаа шиг аль нэг гэр бүлийн аз жаргалын нууц нь ямар нэгэн ундаанд байдаг гэдэгт би итгэдэггүй. Харин хосууд харилцаандаа Хайр, Халамж, Уучлалт, Хүндлэл, Цаг, Зориулалт зэргийг хөрөнгө оруулсанаараа амжилттай, аз жаргалтай гэр бүлийг хамтдаа бий болгодог гэдэгт би итгэдэг.
– Архи пивоны сурталчилгаагаар үнэхээр жаргалтай хүмүүсийн зураглалыг харуулах юм. Би үүнд итгэдэггүй. Харин тэдгээрээс болж хохирсон гэр бүл, зовлон шаналал, аваар ослыг ерөөсөө харуулдаггүйг нь л мэддэг. Архи дарснаас хол байснаараа олон зуун гэр бүлүүд эвлэрэн нэгдэж, хагарч бутарсан олон харилцаа эргэж сэргэдэг гэдэгт би итгэдэг.
– Хэн нэгэн хүн дээр очоод заяаныхаа ханийг дуудуулж болдог гэдэгт би итгэдэггүй. Харин хүн өөрөө зөв замаар, зөв газарт, зөв хүмүүстэй байж чадсанаараа зөв заяаны ханьтай учирдаг гэдэгт би итгэдэг.
– Сайн эсвэл муу өдөр байдаг гэдэгт би итгэдэггүй. Магадгүй зарим өдөр тийм ч сайн биш байж магад гэхдээ өдөр бүрт ямар нэгэн сайн зүйлс заавал байдаг гэдэгт би итгэдэг.
– Эдгэрдэггүй өвчин шийдэгддэггүй асуудал байдаг гэдэгт би итгэдэггүй. Хэрвээ үнэхээр эдгэрнэ гэж итгэж чадвал эдгэрсэн хүмүүсийг, бүх зүйлс сайхан болно гээд эерэг байн тэвчиж чадсаны эцэст асуудлыг шийдэж чадаж олон хүмүүстэй би уулзаж байсан. Тиймээс би итгэвэл бүх зүйлс боломжтой гэдэгт итгэдэг.
– Хариу нэхдэггүй хайр байдаггүй гэдэгт би итгэдэггүй. Учир нь хүүгээ төрөхөд би хариу нэхдэггүй хайр байдаг юм байна гэдэгт би итгэсэн.
– Хээл хахууль өгч авчаад эсвэл бусдын аз жаргалыг үгүй хийх зүйлс хийчээд аль нэгэн ууланд гараад хийморио сэргээж болдог гэдэгт би итгэдэггүй. Харин хүн зөв амьдарч хийморио сэргээдэг гэдэгт би итгэдэг.
– Өөрийн доор ажиллаж буй хүмүүстэйгээ зөв харьцаж чаддаггүй хүн улс эх орныг зөв удирдаж чадна гэдэгт би итгэдэггүй. Учир нь удирдагч хүний хамгийн агуу чанар бусдыг халамжлах байдаг гэдэгт би итгэдэг.
– Зан байдлаас илүүтэйгээр нэр хүнд чухал гэдэгт би итгэдэггүй. Учир нь зан байдал нь таныг яг хэн бэ гэдгийг харуулна. Харин нэр хүнд бол зүгээр л таны талаарх бусдын бодол гэдэгт би итгэдэг.
– Хэцүү байна гэдэг нь боломжгүй гэсэн утгатай гэдэгт би итгэдэггүй Харин улам илүү их өөрийгөө дайчлах хэрэгтэйг илэрхийлдэг гэдэгт би итгэдэг
– Хүн болгон л алдаа гаргадаг, гэхдээ тэд насан туршдаа үүнийгээ төлөх ёстой гэдэгт би итгэдэггүй. Заримдаа сайн хүмүүс муу шийдвэр гаргах нь бий гэхдээ энэ нь тэд муу хүмүүс гэсэн үг биш зүгээр л ХҮН гэдгийг нь илэрхийлдэг гэдэгт би итгэдэг
– Монгол улс минь шүүмжлэгчдээр дутаж байна гэдэгт би итгэдэггүй, харин урам өгөгч нараар дутаж байна гэдэгт би итгэдэг.
Сэтгэлзүйч Г.Наранбаатар
www.facebook.com/na.gurbazar